Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд боллоо. Монголын баг тамирчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алт, нэгэн мөнгөн медальтайгаар тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.
85 настай Ц.Раднаа тэмцээний сүүлийн өдөр болсон гурвын харайлтын төрөлд 6.80 метрийн амжилтыг үзүүлж, аваргын алтан медалыг хүртлээ. 85-аас дээш насны тамирчид өрөлдсөн энэ ангилалд Монгол, АНУ-ын тамирчид өрсөлджээ.
Ц.Раднаа тэмцээний эхний өдөр 400 метрийн зайд аваргын алтан медалыг хүртэж, дэлхийн рекорд амжилтыг 1:20,65 секунд болгон шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин аваргын алтан медалыг хүртсэн. Түүний дараа 60 метрийн саадтай харайлтын уралдаанд Итали, АНУ-ын тамирчдыг ялж аваргалсан юм.
Ийнхүү 85 настай Ц.Раднаа хөнгөн атлетикийн 400 метр, саадтай харайлт, гурвын харайлт гээд гурван төрөлд үнэмлэхүй амжилт үзүүлэн энэ жилийн мастеруудын ДАШТ-ээс гурван алтан медаль хүртэж, мөн дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Мөн 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн билээ. Түүний төрөлд зургаан тамирчин өрсөлдөж, Германы тамирчид алт, хүрэл медалыг хүртсэн байна.