Жүдо, самбо бөхийн 21 удаагийн Монгол Улсын аварга, дэлхийн тулааны спортын наадмын хошой аварга, олон улсын хэмжээний мастер Батбаярын Ариун-Эрдэнийн нэрэмжит Жүдо бөхийн 2019 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-3-нд Булган аймагт болохоор болжээ.
Б.Ариун-Эрдэнэ нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул бөгөөд 2003-2013 онд жүдо бөхийн улсын шигшээ багийн гишүүн, Монгол Улсын найман удаагийн аварга тамирчин юм.
Залуучуудын улсын аварга тэмцээн нь Эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагаа болох гэж байна. Тэмцээнд нийслэлийн болон 21 аймгийн спорт хороо, клубын жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Тэмцээнд эрэгтэйчүүдийн 55, 60, 66, 73, 81, 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 44, 48, 52, 57, 63, 70, 78, +78 кг-ын жинд өрсөлдөнө.