Хонконг хотноо болсон хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа 2 цаг 35 минут 44 секунд гүйж VI байрт шалгарчээ.
Олон улсын хөнгөн атлетикийн холбооны “Алтан зам” ангиллын тэмцээнд түүний дасгалжуулагчаар хань Б.Доржалам нь ажилласан байна. Б.Мөнхзаяа уг амжилтаараа энэ жил Катарт болох ДАШТ, 2020 онд Токиод зохион байгуулах Олимпийн наадамд оролцох болзолоо хангажээ. Тэмцээний өмнөх бэлтгэлээ тэрээр Хөх хотод хийсэн байна. Б.Мөнхзаяа 17 наснаасаа марафон гүйлтийн спортоор хичээллэн, ес дэх жилдээ уралдаан тэмцээнд оролцож байгаа юм.
ОУХМ Б.Мөнхзаяа нь “Рио-2016” олимпийн наадамд анх хурдаа сорихдоо 72 дугаар байрт шалгарсан бөгөөд таван зайд /3, 5, 10, 21, 42 км/ Монгол улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг юм. Өдгөө 26 настай Б.Мөнхзаяа 2017 онд Тайванийн марафонд түрүүлж алтан медаль хүртэж Монголын анхны алтан медальт тамирчин болсон билээ.