Дэлхийн чансааг тэргүүлж байсан Америкийн нэрт теннисчин Винус Уильямс Австралийн аварга шалгаруулах Нээлттэй тэмцээнд оролцох урилгыг /wild card/ хүлээн авсан тухай тус тэмцээнийг зохион байгуулах хорооны Х нийгмийн сүлжээн дэх хуудсанд мэдээлжээ.
Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн оны наймдугаар сард болсон Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ тэмцээнд оролцохдоо I тойрогт Чехийн теннисчин Каролина Муховад 3:6, 6:2, 1:6 харьцаагаар хожигдсон байна.
Австралийн аварга шалгаруулах Нээлттэй тэмцээн буюу Australian Open нэгдүгээр сарын 18-наас хоёрдугаар сарын 1 хүртэл явагдана.
Өдгөө 45 настай Винус Уильямс Уимблдоны тэмцээнд 5 удаа, АНУ-ын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээнд 2 удаа түрүүлж байв. Мөн Их дуулгын 14 тэмцээнд өөрийн дүү Серена Уильямсын хамт хосын төрөлд аваргалсан юм. Ганцаарчилсан төрөлд тэрбээр 2000 оны Сиднейн Олимпын аварга болсон бол 2000, 2008, 2012 оны Олимпын наадмуудад дүү Серенагийн хамт хосын төрөлд алтан медаль хүртжээ.
Дээрх урилгыг хүлээн авснаар В.Уильямс /45 нас 7 сар/ Australian Open тэмцээний түүхэн дэх хамгийн ахмад тамирчин болох бөгөөд тус тэмцээний финалд хоёр удаа шалгарч байсан юм. Өмнө нь, Японы теннисчин Кимико Датэ 44 нас 3 сартай байх үедээ 2015 онд тус тэмцээнд оролцжээ.
Эх сурвалж: РИА Новости




Сэтгэгдэл (1)