Үндэсний сагсан бөмбөгийн лигийн “Денвер Наггетс” багийн тоглогч, Сербийн сагсан бөмбөгчин Никола Йокич “Майами Хит” багтай тоглох үеэрээ зүүн өвдгөндөө гэмтэл авсан байна.
Даваа гаригт болсон тоглолтод “Денвер” баг “Майами”-д 123:147 харьцаагаар хожигджээ. Тоглолтын хоёр дахь үед хамгаалалт хийж байсан Йокичийн хөл дээр түүний багийн анд Спенсер Жонс гишгэсний улмаас серб тоглогч өвдгөөрөө нугарч унажээ.
Телевизийн ESPN сувгийн мэдээлснээр, өнөөдөр түүнд томографын шинжилгээ хийнэ. “Тэрбээр нэг л биш болсныг тэр даруй ойлгосон. Ийм зүйл лигт бишгүй тохиолддог. Ямар ч сагсан бөмбөгчин, тэр тусмаа ийм онцгой тоглогч гэмтэл авах нь түүний итгэлийг алдагдуулдаг. Маргааш бид нөхцөл байдлыг илүү тодорхой мэдэх болно” гэж “Наггетс” багийн дасгалжуулагч Дэвид Эдельман ярилаа.
Өдгөө 30 настай Йокич 2014 оны драфтын 41-ээр “Денвер” багт тоглохоор сонгогджээ. Тэрбээр 2023 онд лигийн аварга болсон төдийгүй хасагдах шатны финалын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор /MVP/ шалгарсан байна. Нийтдээ Үндэсний сагсан бөмбөгийн лигийн үнэ цэнтэй тоглогчоор гурван удаа тодорчээ.
Риа Новости



