Оросын тэрбумтан Роман Абрамович Английн хөл бөмбөгийн “Челси” клубийг худалдсанаас олсон орлогыг Украинд хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр шилжүүлэхээс татгалзжээ. Тэрбээр Британийн офшор бүсэд тооцогдох Жерси арлын засгийн газар өөрийнх нь эсрэг явуулж буй мөрдөн шалгалтыг зогсоож, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах хүртэл уг мөнгийг өгөхгүй гэж мэдэгдсэн тухай даваа гарагт "The Times" сонинд мэдээлжээ.
Абрамович Жерси арал дахь дансуудад царцаагдсан 1.4 тэрбум фунт стерлингийг Украинд шилжүүлэхгүйн тулд АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх асан Эрик Хершманнаар ахлуулсан өмгөөлөгчдийн багийг хөлслөн ажиллуулж байгаа аж. Оросын бизнес эрхлэгч мөн хэрэг маргаан эцэслэн шийдэгдэх хүртэл Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерын шаардлагыг хүлээн авахгүй гэсэн бодолтой байна хэмээн The Times сонинд бичжээ.
Өмнө нь Их Британийн засгийн газар “Челси” клубийг худалдсанаас олсон орлогыг Украинд хүмүүнлэгийн тусламж болгон шилжүүлэхийг Абрамовичоос шаарджээ. Эс бөгөөс хэргийг шүүхэд шилжүүлнэ гэж Их Британий эрх баригчид энэ сарын дундуур мэдэгдсэн байна.
Ла-Маншийн хоолой дахь Британийн оффшор арал болох Жерсигийн эрх баригчид Роман Абрамовичийн эсрэг авлига, мөнгө угаасан хэргээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн талаар энэ оны есдүгээр сард мэдээлж байсан юм. Тодруулбал, Абрамовичийн 1990-ээд, 2000-ээд оны үед Орост худалдаж авсан хөрөнгийн гарал үүслийг тогтоохыг оролдож байгаа аж. Жерсигийн эрх баригчид мөн өөрт нь авсан хоригийг Абрамович зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байна.
2.5 тэрбум фунт стерлингийн маргаан
Роман Абрамович 19 жил эзэмшиж байсан "Челси" клубээ зарж байгаагаа 2022 оны гуравдугаар сард мэдэгдсэн юм. Тус клубийг Америкийн бизнес эрхлэгч Тодд Боули тэргүүтэй хөрөнгө оруулагчид болон Clearlake Capital хувийн хөрөнгө оруулалтын компани худалдан авчээ. Хэлцлийн нэг нөхцөл нь Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний итгэмжлэгдсэн хүн гэж тооцогддог Абрамович ашиг хүртэхээс татгалзсан явдал байв.
Тухайн үед Абрамович 2.5 тэрбум фунт стерлингийг Украин дахь дайны улмаас хохирсон хүмүүст тусламж үзүүлдэг буяны санд хандивлана гэж мэдэгдэж байжээ. Гэвч Абрамович болон Их Британийн эрх баригчид уг мөнгийг шилжүүлэх нөхцлийг тохиролцож чадаагүй байгаа тул одоог хүртэл царцаагдсан хэвээр байгаа аж.
“Челси”-г зарснаас хойш худалдаж авсан хөрөнгөтэй холбоотой хэргийг Абрамовичид үүсгээгүй тул нөхцөл байдал улам ээдрээтэй болж, улмаар хууль эрх зүйн хувьд хөрөнгийг хураахад хүндрэл учирч байгаа аж. Тиймээс эдгээр хөрөнгө одоог хүртэл Абрамовичийн өмч хэвээр байгаа тул Их Британийн эрх баригчид түүний зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй.
Эх сурвалж: The Times




Сэтгэгдэл (6)