Энэхүү алдарт гэрэл зургийг 1932 онд Нью-Йорк хотод Рокфеллер төвийн нэг хэсэг болох RCA Building (1986 оноос GE Building хэмээн нэрлэгдсэн) барилгыг барьж байх үеэр авсан юм. 69 давхрын, 200 гаруй метрийн өндөрт хөндлөнгийн төмөр нуруун дээр суусан 11 барилгын ажилчин зурагт мөнхөрсөн байдаг.
Зураг нь тодорхой хэмжээнд тавилттай байсан ч дүрслэгдсэн хүмүүс нь бодит барилгын ажилчид байжээ. Тус гэрэл зураг анх 1932 оны аравдугаар сарын 2-нд New York Herald Tribune сонины ням гарагийн хавсралтад нийтлэгдсэн байна.
Удаан хугацаанд уг бүтээлийг 1931 онд Эмпайр Стэйт Билдингийн барилгын явцыг баримтжуулж байсан гэрэл зурагчин Льюис Хайн-ы бүтээл хэмээн үзэж ирсэн ч зургийн зохиогчийн эрхийг эзэмшиж байсан Беттманны архив олон сарын судалгаа хийсний үр дүнд 2003 оны аравдугаар сард уг гэрэл зургийг Чарльз Клайд Эббетс-ийн бүтээл гэж зарласан юм. Гэвч арван жилийн дараа хангалттай нотолгоо байхгүй гэсэн үндэслэлээр зургийн зохиогчийг дахин “тодорхойгүй” гэсэн статуст шилжүүлжээ.
Уг гэрэл зураг хожим уран бүтээлийн өөр хэлбэрт мөнхөрсөн түүхтэй. 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш нэг сарын дараа Итали гаралтай Америкийн барималч Сержо Фурнари энэхүү зургаас сэдэвлэн амьд хэмжээтэй баримал бүтээж, түүнийг “Lunchtime on a Skyscraper — A Tribute to America’s Heroes” хэмээн нэрлэсэн байна. Баримлыг Дэлхийн худалдааны төвийн нурангийг цэвэрлэж байсан аврагч, ажилчдад урам зориг өгөх зорилгоор ачааны машин дээр байрлуулж, бараг л явуулын музей хэлбэрээр олон газраар үзүүлж байжээ.

Харин 2007 оны нэгдүгээр сард баримлын баруун захын нэг ажилчны дүрийг хулгайлсан хэрэг гарч, хагас жилийн дараа уг баримлыг нэгэн сүмийн арын хашаанаас олж сэргээн засварласны дараа дахин анхны байранд нь байрлуулсан байна.



