Өвлийн спортын XXV наадамд манай улсаас гүйлтийн цанаар хоёр, уулын цанын төрөлд нэг эрх авсан бөгөөд үндэсний шигшээ багийн тамирчид “Скай резорт”-д бэлтгэлээ базаахын сацуу олимпоос наана хэд хэдэн тэмцээн уралдаанд оролцох юм. Тамирчдыг БНСУ-ыг зорихоос нь өмнө зорин очиж бэлтгэлийг нь сурвалжиллаа.
Ачбадрах өвлийн гурван олимпод оролцох анхны монгол тамирчин болов
Өвлийн цасан цагаан олимп Италийн Милан хотод хөшгөө нээхэд ердөө хоёр сар хүрэхгүй хугацаа үлджээ. Олимпын хугацааг жилээр биш сар, өдөр, цаг, минутаар тоолж эхэллээ. Олимпын эрх авсан гурван тамирчин шигшээ багийнхны хамт “Скай резорт” цаны баазад бэлтгэлээ базаасан бөгөөд 09:30 цагт зорьсон газраа очиход бэлтгэл хэдийн эхэлсэн байлаа. Харин шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга “Тамирчдаа дөнгөж гаргачихаад зогсож байна. Та нарын ирсэн нь сайн хэрэг боллоо. Бэлтгэлээ хэрхэн базааж байгааг олон нийт хараасай гэж бодож байсан юм. Энэ жил “Скай резорт”-ынхон арваннэгдүгээр сард цасаа буудсан нь аз боллоо. Түүнээс биш өмнө нь цасны бэлтгэл өдийд л дөнгөж эхэлж байдаг юм” хэмээн ярьсаар угтлаа. Энэ үеэд Монголын өвлийн спортын түүхэнд уулын цанын төрлөөр анхны эрхийг авсан А.Ариунбат бэлтгэлдээ гарахаар хувцсаа өмсөж байхтай тааралдлаа.


Цанын шигшээ багийнхан энэхүү олимпын циклд олон улсын цанын холбооны хуваарьт багтсан боломжтой бүхий л тэмцээндээ оролцохыг эрмэлзжээ. Биеийн тамир, спортын улсын хороо, түүний дэргэдэх Үндэсний шигшээ багийн алба, Монголын үндэсний олимпын хороо, Монголын цанын холбоо зэрэг байгууллагууд тэмцээн уралдаанд оролцох бүхий л нөхцлөөр нь хангаж өгснийг цаначид болон дасгалжуулагч нар дурдлаа. Эрх авсан тамирчид өглөөний 09:00-11:00 цагийн хооронд бэлтгэлээ базаадаг байна. Учир нь, энэ үеэр иргэдийн хөл хөдөлгөөн бага аж. Харин 11:00 цагаас хойш ажлын өдөр ч, амралтын өдөр ч иргэд их ирдэг учраас бэлтгэл хийх боломж бололцоо муу гэнэ. “Скай резорт”-ынхон ч энэ тал дээр шигшээ багийнхантай ярилцаж, тохиролцсоны үндсэн дээрх цагийг тогтоожээ. Нэгэнт өөрийн гэсэн бэлтгэлийн баазгүй учраас бусдын өмчийг эзэрхийлээд байж болохгүй. Тиймээс аль болох товлосон цагт нь бэлтгэлээ чанартай, эрчимтэй хийхийг эрмэлздэгээ шигшээ багийнхан ярьж байна. 09:00 цагт бэлтгэлдээ гарсан цаначид нэлээд идэвхтэй, эрч хүчтэй бэлтгэлээ базааж байлаа. Өгсүүр, уруу, налуу, тэгш гээд бүхий л замд бэлтгэлээ базаах агаад тэдний бэлтгэлд “Скай резорт”-ынхон баазаа ашиглуулахаас гадна цасны трактороороо тусалж байна. Цасны трактор цаначдын замыг засаж, хотгор гүдгэрийг нь тэгшилж байх юм. Мөн сонгомол цанын зам гаргахаас эхлээд хэрэндээ л тусалдаг аж.
Монголын цанын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга ярихдаа “Энэ олимпод оролцохын тулд дөрвөн жилийн циклээр бэлтгэлээ хийлээ. Үр дүнд нь нэг жилийн өмнө болсон ДАШТ-ээс эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг тамирчин олимпын эрхээ авсан. Тэр цагаас хойш Солонгос улс болон Төв аймагт бэлтгэлээ хийсэн. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш “Скай резорт”-д гарлаа. Авууштай нь энэ баазынхан арваннэгдүгээр сард цасаа буудсаны ачаар бид төлөвлөснөөс хугацаанаас нэг сарын өмнө цасны бэлтгэлдээ гарч чадлаа. Тамирчид маань Франц, Италид анхныхаа гараанд уралдсан. Чамлахааргүй амжилт үзүүлсэн гэж бодож байна. Хүндрэл харьцангуй гайгүй. Тосны трэйнер болон зарим хэрэглэл материалын асуудлаа шийдчих байх. БТСУХ, МҮОХ, Монголын цанын холбоонд үүнд анхаарч өгнө гэж бодож байна” гэлээ.
Олимпын эрх авсан цаначид маргааш, нөгөөдөр БНСУ-д болох гүйлтийн цанын Азийн цомын тэмцээн оролцохоор өдгөө тус улсыг зорьсон бөгөөд тэндээ бэлтгэлээ базааж байна. Түүнчлэн 2026 оны нэгдүгээр сараас эхлэн Европт хэд хэдэн цуврал тэмцээнд оролцохоос гадна олимпын бэлтгэлээ базаах аж. Улмаар тэндээсээ эх орондоо ирэхгүйгээр шууд олимпод оролцохоор төлөвлөж байгаа юм байна.

Гурав дахь олимпдоо уралдахаар эрхээ авсан олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах “2024 оны хоёрдугаар сард болсон ДАШТ-д А зэрэглэлийн тамирчнаар уралдаж эрхээ биелүүлсэн. Олон улсын цанын холбооны чансааны оноо нэлээд доогуур байсан учраас дэлхийн цомын гараануудад гарлаа. Одоо хурдны бэлтгэлдээ орсон байна. “Скай резорт”-ынхон цасаа эрт буудсаны ачаар Монголдоо бэлтгэл хийх боломжтой боллоо. Хэдхэн хоногийн өмнө Франц, Италийн олон улсын тэмцээнд оролцоод ирлээ. Анхны гараа гэхэд дажгүй сайхан байсан гэж бодож байна. “Ган” спортын төвд хүчний бэлтгэлээ хийсэн бол зун Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд роликийн бэлтгэл базаалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Харин олимпод анх удаа оролцохоор зэхэж буй Э.Ариунтунгалаг “Маш их баяртай байна. Бэлтгэлээ ч чадлынхаа хэрээр сайн базааж байна. Эх орондоо эрт цасны бэлтгэл хийнэ гэдэг сайн хэрэг. Давуу тал үүсэж байгаа юм. Солонгост болох Азийн цомд цагийн үзүүлэлтээ сайжруулна. Олимпдоо хамгийн сайнаараа оролцохын төлөө хичээх болно” хэмээлээ. Э.Ариунтунгалагийн хувьд гүйлтийн цанаас гадна биатлоноор хичээллэж байсан тамирчин юм.
Монголчууд уулын цанаар анх удаа олимпод оролцоно

Монголын уулын цанын спортын түүхэнд шинэ хуудас нээж, энэ төрлөөр олимпын эрх авсан А.Ариунбат “Олимпын эрхээ авсандаа маш их баяртай байна. Миний хувьд таван цуврал тэмцээнд оролцсоноор оноогоо 120-иос дотогш оруулж эрхээ биелүүллээ. Эхний хоёр тэмцээн нь Литвад, сүүлийн гурав нь АНЭУ-д байдаг дотор цанын баазад болсон. Бэлтгэл сургуулилалт харьцангуй гайгүй байна. Арваннэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл “Скай резорт” дээр бэлтгэлээ базаасан бол он гаргаад Солонгосыг зорино. Манай улсад бэлтгэл хийхэд сул болон давуу талтай. Сул нь хүйтэн. Харин давуу тал нь цасны нягтаршил сайн байдаг учраас бэлтгэл хийхэд таатай байдаг. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Солонгосын мэргэжилтэн Чан Ин Суб, шигшээ багийн дасгалжуулагч С.Тэмүүлэн нарынхаа удирдлагад бэлтгэлээ базааж байна. Эрх авахад мэддэг, чаддаг бүхнээ харамгүй зааж, бэлтгэл хийлгэсэн хоёр багшдаа баярлалаа” хэмээн ярилаа.

Түүний дасгалжуулагч С.Тэмүүлэн ярихдаа “Уулын цанын төрөлд монголчууд анх удаа эрх авч нэгэн шинэ хуудсыг нээлээ. Монголчууд энэ спортоор өндөр түвшинд оролцох боломжтой гэдгийг харуулж чадсандаа баяртай байна. Олон жилийн хүч, хөдөлмөрийн үр шим, уйгагүй зүтгэлийн дүнд эрхээ авсан. Уулын цаначид бүгд баяртай байгаа байх. Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын цанын холбоо дэмжсэний үр дүнд бид олимпод оролцох гэж байна. Тиймээс талархал илэрхийлье. Олимпын эрх авахад амар байгаагүй. Шалгуур чанга байсан. Гэхдээ эцсийн дүнд бид чадлаа. Шигшээ багийн хоёр тамирчин маань анх 230 орчим оноотой байсан бол өнөөдөр 100-гаас доош болгож чадсан. 100 гаруй оноо хасна гэдэг маш сайн үзүүлэлт. Формоо маш сайн барьж байна. Тиймээс олимпод оролцуулах л үлдлээ” гэлээ.
Манай улсад уулын цанын спортоор хичээллэдэг мэргэжлийн 60 орчим тамирчин байдаг аж. Тэд Эрдэнэт болон “Скай резорт”-ын цанын баазыг түшиглэн бэлтгэл сургуулилтаа хийхийн сацуу залгамж халаагаа бэлтгэдэг байна. Биднийг очиход Чан Ин Сүб дасгалжуулагчаар удирдуулсан Солонгосын 10 гаруй өсвөрийн тамирчин манай улсад хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн байхтай таарлаа. Тэд манай улсад 14 хоногийн хугацаанд бэлтгэл хийх бол манай тамирчид нэгдүгээр сард Солонгосыг зорьж, тэнд олимпын бэлтгэлээ үргэлжлүүлэх ажээ. Хоёр багийн энэхүү хамтарсан бэлтгэлийн гэрээ 10 жилийн хугацаанд хүчинтэй юм байна. Үүний үр дүнд монгол тамирчдын ур чадвар богино хугацаанд сайжирчжээ. Уулын цаначид 2024 онд БТСУХ-нд хүсэлт тавьсны дагуу нэг дасгалжуулагч, хоёр тамирчны орон тоо нэмж, тухайн жилийн хоёрдугаар сараас шигшээ багт багтсан байна. Улмаар 2024 оны долоодугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 39 тэмцээний 57 гараанд гарсны эцэст анхны олимпын эрхээ авсныг цохон тэмдэглэх нь зөв биз. Тэд хүчний бэлтгэлээ эх орондоо тохируулсан бол зуны цагт цасны бэлтгэлийг Шинэ Зеландад хийжээ. Уулын цаначдын нэн тэргүүний зорилго нь Азийн наадмаас медаль авах гэдгийг дасгалжуулагч нь ярилаа. Тэрбээр энэ бүрэн боломжтой гэдгийг онцолсон юм.




Биатлончид эрх авч чадах уу
Монголын биатлончид энэ цаг үед олимпын эрх авахаар дэлхийн цомын цувралд өрсөлдөж байна. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер Э.Энхсайханы хувьд “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд эрх авах боломжтойг Монголын биатлоны холбооноос мэдэгдлээ. Дэлхийн цомын үзүүлэлтээр эрхээ авч чадаагүй тамирчид хувийн оноогоо ахиулж /IBU Qualifying points/ Италийг зорих боломжтой аж. Өнгөрсөн улирлын дараах үзүүлэлтээр Э.Энхсайхан олимпын үлдсэн 12 эрхийн төлөө өрсөлдөж байгаа 20 тамирчнаас 16 дугаар байрт жагсаж байна. Жагсаалтыг Молдавын тамирчин Максим Макаров 51.31 оноотой тэргүүлж байгаа бол Э.Энхсайхан 126.26 оноотой явна. “IBU Qualifying points” гэдэг нь тамирчны гүйцэтгэлийг хэмждэг онооны систем юм. Тухайн тэмцээний ялагчаас хоцорсон хугацааг хувиар тооцдог учраас оноо бага байх тусам сайн үзүүлэлт гэж үзнэ. Хэрвээ манай улсын тамирчин нэгдүгээр сарын 18-ныг хүртэл олон улсын биатлоны холбооны дэлхийн цуврал тэмцээнд амжилттай оролцож, хувийн оноогоо 90-100-руу багасгаж чадвал олимпын эрх авах боломж нэмэгдэнэ. Э.Энхсайхан арванхоёрдугаар сар гарснаас хойш гурван тэмцээнд оролцсон бол одоо дахин дөрвөн тэмцээн үлджээ. Түүний өрсөлдөх дөрөв дэх тэмцээн нь маргааш Швейцарын Ленцерхайде хотод эхэлнэ.
Арванхоёрдугаар сарын 17-20: Ленцерхайде, Швейцар Дэлхийн цом /IBU cup/
Нэгдүгээр сарын 8-11: Арбер, Герман Дэлхийн цом /IBU cup/
Нэгдүгээр сарын 14-18: Рупольдинг, Герман Дэлхийн цом /IBU cup/
Нэгдүгээр сарын 28-наас Шушёэн, Норвеги Дэлхийн цом /IBU cup/
Өвлийн олимпын наадамд оролцох биатлоны тамирчид нэгдүгээр сарын 18-ны өдөр бүрэн тодорно.

Монголын цаначид 1998 оноос хойш олимпод тасралтгүй оролцож байна
Тамирчид олимпын эрх авч оролцдог болсноос хойш шалгуур аажим аажмаар хүндэрч, өвлийн спортын дүрмүүд ч өөрчлөгдсөөр. Монголын цаначид 1998 оны Наганогийн олимпоос эхлэн өнөөдрийг хүртэл өвлийн олимпод оролцох буухиагаа таслаагүй яваа юм. Тодруулбал, 1998 онд олон улсын хэмжээний мастер Д.Очирсүх, 2002 онд гавьяат тамирчин Д.Энхээ, олон улсын хэмжээний мастер Ж.Эрдэнэтүлхүүр нар уралдсан юм. Тэгвэл эмэгтэйчүүдээс олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн, эрэгтэйчүүдээс Х.Хаш-Эрдэнэ нар 2006, 2010 онд хоёр олимп дараалан дөрөө харшуулсан анхны тамирчид болох нь тэр. Дараа нь 2014 онд олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нар олимпод оролцох эрхээ авч Сочиг зорив. Харин 2018 онд Ч.Отгонцэцэг хоёр дахь удаагаа олимпын цасан замд уралдсан юм. Ингэснээр олимпын наадамд хоёрантаа эрхээ авч оролцсон Монголын хоёр дахь эмэгтэй тамирчин боллоо. Эрэгтэйчүүдээс Б.Ачбадрах анх удаа өвлийн олимпод тоосоо өргөв. Улмаар урд хөршийн нийслэл Бээжин хотод болсон өвлийн наадамд цаначдаас Б.Ачбадрах, А.Энхтуул нар эрхээ авч оролцсон бөгөөд сүүлийн долоон олимп дараалан цаначид эрхээ авч, эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулсан бол 2026 онд цаначид найм дахь удаагаа олимпод оролцохоор бэлтгэл сургуулилалтаа эрчимтэй базааж байна.
Монголчууд олимпод оролцох эхэлсэн түүхэн товчоон
Хүн төрөлхтний түүхэнд өвлийн спортын наадам 1924 оноос эхлэлтэй. Уран гулгалт, хоккей гэх мэт төрлүүд анх зуны олимпын хатавчинд багтдаг байлаа. Тухайлбал, 1908 оны Лондоны олимпод уран гулгалт, 1920 оны Антверпений олимпод шайбтай хоккей орсон түүх бий. Гэхдээ өвөл, зуны төрлүүдийн тэмцээнийг хамтад нь зохион байгуулах утгагүй байсан тул Олон улсын олимпын хорооноос өвлийн олимпыг тусад нь явуулах шийдвэр гаргаж, 1921 онд Лозаннд болсон хурлаараа анхны эрхийг Францын Шамонид өгчээ. Ингэж анхны өвлийн олимп 1924 оны нэгдүгээр сарын 26-нд Францад хөшгөө нээсэн түүхтэй. Анхны наадамд 16 орны 258 тамирчин (247 эрэгтэй, 11 эмэгтэй) 16 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Францчууд олимпод зориулж трамплин, бобслейн зам шинээр байгуулсан бөгөөд үүнд хоёр сая гаруй франк зарцуулсан тухай тэмдэглэжээ. Анхдугаар өвлийн олимпыг зохион байгуулахад багагүй зардал гаргасан ч ашиг олох бус алдагдал хүлээсэн гэдэг. Олимпын турш ердөө 10 мянган тасалбар борлуулснаас гадна 88 сурвалжлагч албан ёсны эрхтэйгээр сурвалжилсан байна. 1962 онд ОУОХ-ны бүрэн эрхэт гишүүн болсон Монгол Улс “Инсбрук-1964” олимпоос эхлэн өвлийн наадамд оролцож эхэлсэн юм. 1964 оны өвлийн олимпод биатлон, гүйлтийн цана, тэшүүрийн төрөлд 13 тамирчнаа илгээжээ. Тэшүүрийн эмэгтэйчүүдийн 3000 метрт өрсөлдсөн Ц.Лхамжав XX байр эзэлсэн нь өвлийн олимпод манай тамирчдын үзүүлсэн хамгийн өндөр амжилтад тооцогдсон хэвээр байна. Түүнчлэн монголчууд хамгийн олон тамирчинтай оролцсон өвлийн олимп нь “Инсбрук-1964” болж түүхийн хуудаснаа үлдлээ. Тэгвэл 1994 онд Норвегийн Лиллехаммер хот өвлийн олимпыг анх удаа хүлээн авлаа. ОУОХ-ноос нэгэн чухал шийдвэр гаргасан нь тамирчид эрхээ авч олимпод оролцох тухай юм. Өмнө нь цана дээрээ ч тогтож чадахгүй шахам тамирчин олимпын наадамд өрсөлдөх тохиолдол цөөнгүй гарсан байдаг. Харин “Лиллехаммер 1994”-өөс эхлэн тамирчид тусгай шалгуурыг давж, эрхээ аван оролцдог болсон юм. Эрх авч оролцдог болсон анхны олимпод монголчууд шорт-трекийн төрлөөр ганц эрэгтэй тамирчнаа илгээлээ. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр Б.Бат-Оргил шорт-трекийн 1000 метрт 29, 500 метрт 24 дүгээр байр эзэлсэн байна.







