Холливүүдийн жүжигчин, кино найруулагч Роб Райнерийн хүүг өнгөрсөн амралтын өдрөөр гэртээ нас барсан байдалтай олдсон эцэг эхээ хөнөөсөн хэрэгт буруутган баривчилсан тухай Лос-Анжелес хотын цагдаагийн газраас даваа гарагт мэдэгджээ.
Мансууруулах бодисын донтолтын эсрэг эмчилгээ хийлгэж байсан 32 настай Ник Райнерийг ням гаргийн орой баривчилж, батлан даалтад гаргахгүйгээр цагдан хорьж байгаа гэдгийг цагдаагийн газрын хэвлэлийн мэдээнд дурдсан байна. Батлан даалтын төлбөрийг өмнө нь 4 сая ам.доллароор тогтоосон байжээ.
“When Harry Met Sally...” зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн кинонуудын найруулагч 78 настай Роб Райнер болон түүний эхнэр 70 настай Мишель нар ням гаргийн үдээс хойш Лос-Анжелесын Брентвуд хэмээх тансаг зэрэглэлийн хороолол дахь гэртээ нас барсан байдалтай олдсон байна.
“Райнерынхан хүн амины хэргийн хохирогчид болсон бөгөөд хүү нь тэдний үхэлд буруутай” болохыг мөрдөн байцаалтаар тогтоосон гэж Лос-Анжелесын цагдаагийн газраас мэдэгджээ. Ник Райнер олон жилийн турш мансууруулах бодисын донтолттой тэмцэж байсан бөгөөд нөхөн сэргээх эмчилгээнд орохоос татгалзсан үедээ орон гэргүй болсон тухайгаа ярьж байсан ажээ.
Тэрбээр 2016 онд “People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө анх 15 настайдаа мансууруулах бодисын нөхөн сэргээх эмчилгээнд орж байсан тухайгаа ярьжээ. Улмаар хамгийн цөөндөө 17 удаа эмнэлэгт хэвтсэн байна. Эдгээр явдал нь Ник Райнер болон түүний аавын хамтран бичсэн “Being Charlie” киног бүтээх санааг төрүүлж байжээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, Ник бямба гаргийн орой инээдмийн жүжигчин Конан О'Брайений зохион байгуулсан баярын үдэшлэг дээр эцэг эхтэйгээ маргалдаж байгаа нь харагдсан байна.
Либерал үзэл санааг дэмждэг, улс төрд идэвхтэй байсан Роб Райнерт олон хүн хүндэтгэл үзүүлж байна. “Тэрбээр нийгэм, эдийн засгийн шударга ёсны төлөөх бүтээлч үйл хэрэг, тэмцлээрээ тоо томшгүй олон хүний амьдралыг сайжруулсан” гэж Лос-Анжелес хотын дарга Карен Басс мэдэгджээ.
Жүжигчний хувьд Райнер 1970-аад оны телевизийн инээдмийн хит цуврал болох “All in the Family” кинонд Майк Стивичийн дүрийг бүтээснээр олонд танигджээ. Энэхүү дүрээрээ тэрбээр “Эмми”-гийн шилдэг туслах дүрийн хоёр шагнал хүртсэн юм. Мөн найруулагчийн замналаа 1984 онд зохиомол хард рок хамтлагийн тухай кино болох “This Is Spinal Tap” гэдэг киногоор эхлүүлжээ. Энэхүү кинонд тэрбээр хуурамч баримтат кино найруулагч Марти ДиБергигийн дүрд тоглосон байна. Райнер нийтдээ 20 гаруй кино найруулсан бөгөөд үүнд сураггүй болсон залуугийн цогцсыг олохоор явсан дөрвөн хүүгийн тухай өгүүлдэг 1986 оны “Stand by Me” зэрэг сонгодог төрлийн кино, мөн бүх цаг үеийн хамгийн шилдэг романтик инээдмийн кинонуудын нэг гэгддэг 1989 оны “Harry Met Sally ...” зэрэг кинонууд багтдаг.
Эх сурвалж: Reuters



