Тайландад үдийн хоолны үеэр согтууруулах ундаа худалдахыг хориглосон журмыг 50 гаруй жилийн дараа цуцалжээ. Энэхүү шийдвэр “Эзэн хааны сонин”-д нийтлэгдсэний дараа хэрэгжиж эхэлсэн байна.
Ингэснээр тус улсад 14:00-17:00 цагийн хооронд согтууруулах ундаа борлуулахыг зөвшөөрнө. Энэхүү шийдвэрийг туршилтын журмаар зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд дараа нь эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөг үнэлсний үндсэн дээр сунгах эсвэл цуцлах эсэхийг шийдэх ажээ. Харин шөнийн 00:00 цагаас 11:00 цагийн хооронд согтууруулах ундаа борлуулахыг хориглосон журам хэвээр хэрэгжинэ.
Дээрх шийдвэр нь баар, ресторануудад хамаарах ба үйлчлүүлэгчид согтууруулах ундаа борлуулах хугацаа дууссаны дараа нэг цагийн турш (01:00 цаг хүртэл) хэрэглэж болох аж. Харин олон улсын нисэх онгоцны буудлын явах болон ирэх зорчигчдод зориулсан терминалууд, мөн тусгай зөвшөөрөлтэй үзвэр үйлчилгээний газрууд болон зарим зочид буудалд согтууруулах ундаа худалдахад хамаарахгүй байна.
Тайландын Үндэсний Ассамблейн (парламент) Төлөөлөгчдийн танхим согтууруулах ундааны борлуулалтын тусгай хуваарийг цуцлах тухай хуулийн төслийг гуравдугаар сард баталжээ. Ажлын байран дээр өдрийн цагаар согтууруулах ундаа хэрэглэхээс сэргийлэх зорилгоор Тайландад 1972 онд согтууруулах ундааны борлуулалтын хязгаарлалтыг нэвтрүүлсэн байна.
Согтууруулах борлуулах хуваарийг цуцлах санаачилгыг 2024 онд тухайн үеийн Ерөнхий сайд Сеттха Тхависин рестораны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзсныхаа дараа гаргасан байна. Тэд үйл ажиллагааны зардал, бүтээгдэхүүний үнэ өсөж байгаагаас шалтгаалан гомдол гаргажээ.
Согтууруулах ундааны борлуулалтын тусгай хуваарийг цуцалснаар эдийн засаг идэвхжиж, жуулчдыг татна гэж Тайландын эрх баригчид үзэж байна.
Эх сурвалж: TASS



