Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун цохилтын дроны туршилтыг биечлэн ажиглаж, хиймэл оюуны технологийг өргөнөөр ашиглахыг үүрэг болгосон талаар AFP агентлаг Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүдэд мэдээлснийг эш татан мэдээлжээ.
Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас /KCNA/ нийтэлсэн зургууд дээр дрон агаарт хөөрч, байг устгаж буй нь харагдана. Ким туршилтын үр дүнд “маш их сэтгэл ханамжтай” байгаагаа илэрхийлсэн гэж тус агентлаг мэдээлжээ. “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүд бол цэргийн ажиллагаанд чухал хэрэгсэл болж, улсын зэвсэглэлийг шинэчлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна” гэж Умард Солонгосын удирдагч мэдэгдсэн байна.
Мөн дроны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, саяхан нэвтрүүлсэн хиймэл оюуны технологийг хурдан хөгжүүлэхийг үүрэг болгожээ.



