АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын чип үйлдвэрлэгч Intel компанийн гүйцэтгэх захирал Лип-Бу Таныг “нэн даруй огцрох” ёстой гэж мэдэгдэв. Тэрбээр Таныг Хятадын цэргийн байгууллагуудтай холбогдсон компаниудад хөрөнгө оруулсан гэх мэдээллийг дурдаж “маш их ашиг сонирхлын зөрчилтэй” гэж шүүмжилсэн нь хувийн компанийн удирдлагад ерөнхийлөгчийн ийм түвшний шаардлага тавьсан ховор тохиолдол юм.
2024 оны гуравдугаар сард томилогдсон Тан Intel-ийг сэргээх даалгавартай ирсэн ч саяхан компанийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтыг, АНУ-д ч мөн багасгах төлөвтэй байгаагаа мэдэгдсэн. Энэ жил хэдэн мянган ажлын байрыг цомхотгосон нь зах зээлийн эрэлтэд нийцүүлэх алхам гэж тайлбарласан ч Трампын дайралтын дараа Intel-ийн хувьцааны ханш 3%-иар унав.
Трампын шүүмжлэл Сенатын гишүүн Том Коттоны захидалд үндэслэжээ. Тэрбээр Тан өмнө нь удирдаж байсан Cadence Design Systems компанийн Хятадын Үндэсний Батлан хамгаалахын Технологийн Их сургуультай хууль бусаар бизнес хийсэн хэрэгт торгууль төлсөн түүхийг сануулсан юм. Танд ял тулгаагүй ч АНУ-ын экспортын хяналтыг зөрчсөн нь ноцтой асуудал гэж Коттон үзэж байна.
Intel мэдэгдэлдээ Тан болон компанийн удирдлагууд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд гүнээ үнэнч хэмээн хамгаалсан ч шинжээчид Трамп уг маргааныг ашиглан Intel-ийг АНУ дахь хөрөнгө оруулалт болон TSMC-тай хамтын ажиллагааны асуудлаар шахаж буй байж болзошгүй гэж таамаглажээ.
Трампын ийм эрс мэдэгдэл Intel-ийн чип үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөнд эргэлзээ үүсгэж магадгүй гэж шинжээчид анхааруулж байна. Intel нь АНУ-ын хагас дамжуулагч үйлдвэрлэлийг дотооддоо сэргээхэд чухал үүрэгтэй гэж үздэг ч сүүлийн жилүүдэд өрсөлдөгчдөөсөө хоцорсон нь олон нийтийн анхаарлыг татсаар байна.
Эх сурвалж: BBC News