Газын зурвасыг сэргээн босгоход хамгийн багадаа 53.1 тэрбум ам.доллар шаардлагатай гэж НҮБ урьдчилсан үнэлгээний тайландаа дурджээ. Энэ тайланг Израил болон Палестины ХАМАС бүлэглэлийн хооронд зургаан долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр байгуулсны дараахан танилцуулсан байна.
Дайны улмаас Газын зурваст учирсан хохирол
НҮБ-ын тайланд дурдсанаар:
- Барилгын 60 гаруй хувь
- Авто замын 65 гаруй хувь
- Сургуулиудын 88 хувь эвдэрч сүйдсэн байна.
Үүнтэй холбоотойгоор сэргээн босголтын зардал дараах байдлаар тооцогджээ:
- Барилгын салбарт – 15.2 тэрбум ам.доллар
- Худалдаа, аж үйлдвэрт – 6.9 тэрбум ам.доллар
- Хөдөө аж ахуйд – 4.2 тэрбум ам.доллар
- Тээвэрт – 2.9 тэрбум ам.доллар
- Ус, ариун цэврийн байгууламжид – 2.7 тэрбум ам.доллар
- Боловсролын салбарт – 2.6 тэрбум ам.доллар
Дайны улмаас үүссэн хог хаягдал, аюултай нөхцөл байдал
Израил-ХАМАС-ын хооронд жил гаруй үргэлжилсэн дайны улмаас Газын зурваст 50 сая гаруй тонн хог хаягдал хуримтлагдсан гэж тооцоолжээ.
Энэхүү хог хаягдал дотор тэсрээгүй зэр зэвсэг, аюултай материалууд их хэмжээгээр байгаагийн улмаас цэвэрлэх ажил хүнд нөхцөлд, өндөр зардлаар хийгдэх шаардлагатай болохыг тайланд онцолсон байна.
Эх сурвалж: NHK