x

Жанжин

(Төрсөн өдрөөр нь Д.Сүхбаатарыг нэг түүхч Монголд зах зээл өрнүүлсэн ардчилагч явсан аятай номчирхов. С.Данзанг зах зээлээр замнах гэсэн эсэргүү гэж цаазалсан. Д.Сүхбаатарыг хувийн өмчийг нийгэмчлэх социализмыг үндэслэгч гэж мандуулдаг. Ард олноос жанжин алдар хүртсэн Д.Сүх хүүд ардчилал гэх гоёо доромжлол. С.Зориг, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам нарт ардчиллыг өмчлүүлэхгүй хэмээн Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Ч.Улаан нар өөрсдийгөө ардчилагч гэж тунхаглаад пости коммунист хочтой үлдсэн).

Жанжин

Дэлхий бөөрөнхий гэдгийг сонсоогүй зуун жилийн тэртээх Монголд балчир хүү Сүх улс төрчийн туршлагагүйдээ Бодоог хөнөөх улаан оросын мэхэнд урхидуулсан бүдэг ул мөр бий эсэх тухай түүхчид шивнэлддэг. (Дэлхий бөөрөнхийг нотолсон агуу нээлт газрын мухарт тарж амжаагүй цаг). Бөглүү феодализмд байтугай социализмд ч манай удирдагчид оросуудад хууртаж явлаа. Тэр ч бүү хэл ХХI зууны ардчиллын үед ч бас мэхлэгдээд уурхайн төмөр замаа арав гаруй жил тавьж чадалгүй нүүрсээ 20 мянган хүнд даацын машинаар зөөж онгон говио улаанаар эргүүлж 150 гаруй жолооч осолд амь алдаж, хэдэн тэрбум ам. доллар олох боломжоо хаалгав. Шатахуун, эрчим хүчнийхээ өндөр үнэтэй шахааг байнга хадгалж шулах орос дарамт аль ч зуунд хувиршгүй ажээ.

Бодоог устгах улаан Оросын занганд гэнэдсэндээ Сүх хүү гутарч, цаашид амь нь хутагны ирэн дээр дэнслэгдсэн тул хямралд унаж, мөрийтэй тоглоомонд донтож, хэнд ч хэрэггүй замаа алдсан нэгэн болж амь мултрах гэж баашилж явсан байвал өдгөө “үгүй” гэх түүхч-үзэл сурталчид бишгүй гарна. Сүхбаатар МНРП гэсэн дөрвөн үсэг бүхий үнэмлэхтэй Улаан оросын агент болсон, түүний гарын үсэгтэй бичгээр Бодоог баривчилсан ч гэх шиг, Бодоог цаазлахад Сүхбаатар хараад зогсож байсан ч юм шиг. Энэ эвгүй яриаг түүхчид даруй судалж жинхэнэ үнэнийг дэлгэх үүрэгтэй. Гэтэл таг чиг. Олон нийт түүхчдэд эргэлзээд л, түүхийн үнэ цэнэ унаад л, гадуур дуртай нь амнызоргоор цуураад л-үнэн тодрохоо болиод ёс суртахуунМонголд үнэгүйдсээр. Түүхийн үнэнийг нэг мөр болгох түүхч төрдөггүй. Түүхчид цөм намын үзэл суртлын дайчин байлдагчид байсан байсаар ч байна.  

Сүхбаатарын гарын үсэгтэй баривчлах бичгийг Бодоо үзээд улаан оросыг гүйцэд таньсан тэр бээр Сүх дүүдээ гомдох охор хүн биш байв. Нэгийг нөгөөгөөр бариулдаг орос арга хавтгайрч тэр цагт ил болсон гамшиг. Хүчинд автсан аргагүйдэл. Зохиолч Д.Нацагдорж шоронгоос түр суллагдаад зах дээр шал согтуу өмдөндөө шээчихсэн салгалж явахдаа нөхөддөө та нар над шиг ингэж яв, тэгэхгүй бол баривчлагдана шүү гэж аминчлан захьж байсан гэх яриа зохиолчдын дунд явдаг. Бодоо албаа хаяад зугтаж мал малласан. Данзанг гэргий нь хэдэн үхрээ туугаад Орхондоо очъё, чи минь алуулчих байх гэж сануулж байсан. Харин Дилов хутагт яаж шүү оргож дөнгөсөн юм бол. Чойбалсан цээжин дотроо уйлж байгаад үй олон нөхрөө буудуулсан. Цэдэнбалын төгсгөл ч гоёгүй.

Жанжин хэмээх Сүхэд алдаа байжээ гэсэн дэл сул яриа тэр жил гарахад аль хэр гомдлоо? Тэгвэл Сүхээс ч аймшигтай муухайгаар гүжирдүүлж буудуулсан Бодоо Данзан Шагдаржав тэргүүтэй бусад эх орончдыгоо 70 жил зүхэж, алтан шарил руу нь 70 жил нулимж явснаа эргэцүүлээд нэг үз. Сүхбаатарын удам гомдож байна. Бодоо Данзан Шагдаржав тэргүүтний 70 жил гомдол тээсэн удам угсаа бийг сана. Шилдэг хөвгүүдийнхээ хэнийг эх оронч, хэнийг урвагч гэж түүхчид зөвлөлт заавар, намын даалгавраар ялгаж ирсэн бялдуучлал мартагдаагүй. Тэдэн дунд буруутан байгаагүй. Буруутан гэвэл Чойбалсан. Гэвч түүний зовлон шаналал багадаагүй. Би зохиол бичвэл энэ өнцгөөс ууч сэтгэлээр хандана. Бүгд адил хөөрхийс. Бүгд адил учраас бүгд адил хилс хөнөөгдсөн.

Ингээд бүдчиж явтал коммунист замналыг нийгмийн дүрэлзсэн хувьсгалаар мандуулсан суут жолоодогч гэж нэг хүн Монголд тодрох хэрэгцээ гарчээ. Анхны 7-гийнхоо Чойбалсангаас бусдыг нь хөнөөчихсөн. 5-ыг нь буудаад 1-гт нь хор өгөөд. Тэгтэл тэдний хэн нэгийг жолоодогчоор тодруулах шоглоом тулгарав. Энэ бүгдийг монголчууд бус оросууд л хийгээд буй хэрэг шүү дээ. Эсэргүү Бодоо, Данзан хоёрын нэгийг суут жолоодогчоор сонголтой нь биш. Яагаад гэвэл оросууд тэднийг Монголын аюулт дайсан хэмээн дахиж ашиглах аргагүйгээр бузарлаж гутаасан. МНРП батлахтай Сүх Бодоог устгахад гэнэдэж оросуудад зарагдсан ч улаантныг дээрэм тонуул хийлээ гэж Хүрээнээс хөөж гаргахыг завдсан задарсан тархи-итгэмгүй үндэсний үзэлт болохоо харуулсанэтгээд. Гэвч ардын хувьсгалын суут жолоодогчоор өргөмжлөх түүнээс өөр сонголт байсангүй.

Оросууд Монголын харанхуй гэнэн ард түмэнд тохируулж, үнэнийг мушгиж гуйвуулсан “түүх” гэгч болхи ухуулга зохиож экспортлов. Ухуулгад Сүхбаатар Чойбалсан хоёрыг Монголд эрх чөлөө тусгаар тогтнол олгосон суут хоёр жолоодогч гэж тэнгэр тултал магтаж, бусад тав нь Монголыг устгах гэж явсан урвагч дайснууд гэх гүтгэлгээр гүжирджээ. Энэ гүжирдлэгээс өөрөөр сэтгэвэл эсэргүү хэмээн буудаж эхлэв. Тэд үхсэн хүнийг тоглоом болгохдоо гарамгай агаад амьд Чойбалсанг суут жолоодогчоор өргөмжлөх оновчгүй хувилбар. Сүхбаатарыг суут коммунист жолоодогч байсан гэж итгүүлэхийн тулд болъщевикууд түүний хэлсэн үг гэгчийн эх загварыг зохиож манай бичгийн мэргэд Сүхбаатарын үг гэж үнэмшихээр монголчилсон гэдэг судлаачид бий.  

Сүхбаатарыг Ленинтэй ижил болъщевик онолч болгож, ардын хувьсгалын ялалт, капиталист бус хөгжлийн замаар феодлын Монгол коммунизмд орох суут онол зохиож, МАХН-ыг гагцхүү Сүхбаатар коммунист онол өөд чиглүүлсэн гэж цагаан дээлт Дамдин гэгч ардын хүү Сүхийн намтрыг үнэмших аргагүй гоёсон билээ. Сүхбаатарын намтраас инээдэмтэй ташаа зүйлийг цэвэрлэх гэснээс түүний бодит байдалд халдсан хүн алга. Орос Хятад хоёр Ленин Мао хоёрыг хүн биш болтол худал магтсаар гутаасан. Жинхэнээсээ хайрлаагүй. Сүх жанжнаа монголчууд Орос Хятад хоёроос арай өөрөөр, хэмжээнд нь үнэлж жинхэнээр дээдэлье. Орос жороор Сүхбаатарыг худал магтах хэрээр цаазлагдсан журмын нөхдийг нь газар дор ортол гүтгэсэн. Өдгөө худал магтаалаа тэр хэвээр дэвэргээд байвал Сүхбаатар бусад 6-гаасаа агуу харагдах нь юу л бол. Харин эргэлзээ улам төрүүлж болзошгүй. Худал суртлаар далан жил, хэдэн үеэр нь хордуулсны гай өдгөө ХХI зууны монгол хүний сэтгэхүйд бугласаар буй нь бидний унхиагүйнх. Ингэж шившигтэй мэхлэгдсэнээ залруулахад дурын хэрэг болсон цаг морилоод 30 жил өнгөрөв. Хүсэхгүй байна уу, арчаагүй байна уу.

Сүхбаатарыг бусад 6-гийн дор оруулах гээгүй. Сүхбаатар бол хийморьтой гарамгай эх оронч баатар хүү. Тэр бээр цэргийн эрдэм, байлдах чадвар, эрэлхэг зоригоор бусдаасаа давамгай байсан гэдэгт хэн ч эргэлзээгүй. Цаазлагдсан бусад нь ч мөн адил зоригтой ухаантай эх орончид байсан гэхээр өрвөсхийдэг байснаа одоо цөмөөрөө худал гэх үү. Жанжин ч бас улаантны даварсан түрэмгийлэлд сүүлдээ дургүйцэж,хар нялхаараа хамрын шуухнаагаар учир битүүлэг үхсэн. Тиймээс түүнийг улаантны хүүхэлдэй гэвэл нүгэл болно. Бүгд эх орныхоо төлөө үрэгдсэн тул ганц Сүхийг бус бүгдийг ижил хүндэтгэж, бүгдэд зориулсан цогцолбор босгомоор санагддаг. Үүнд дургүй пост коммунистууд “Жанжин Сүхбаатарыг Бодоо Данзан Шагдаржав Лосол Догсом Гэндэн Дэмид Амар нартай зэрэгцүүлэхгүй шүү” гэх болъщевик өширхөл цухалзуулдаг. Анхны 7-д ялгавартай хандах шалтаг юу билээ. Тэд ав адил эх орончид бус уу. Сүхбаатарыг хэн ч мууд оруулах гээгүй. Үзэмчин гэсний төлөө түүний таван үеийн түүхээр хэрэлдэж байв даа. Таван үеийн үзэмчин хүү чинь жинхэнэ цэвэр монгол хүн мөн биз дээ. 

Сүх насаар дүүгийн хувьд нөлөөгөөр тэдэн дундаа толгойлж байгаагүй юм биш үү гэсний төлөө давшлах юун. Эх орон ард олныхоо төлөө бүгд адил алтан амиа зольсон хөөрхийсдөө бүгдэд нь зориулсан цогцолбор “бурхан” бүтээж дээдэлье гэхэд бачимдах улаантны хожуулууд бидний дунд жаалсаар явна. Төв талбайдаа Сүхийн хөшөөний хоймор “дайсны ямар ч ов мэхэнд хуурташгүй монгол оюуныг билэгдсэн” модерный авсаархан цогцолбор босгоё. Нийслэлийн төв саруул талбай дахь Сүх жанжны хөшөөг тэр хэдийн бэсрэг дурсгал гутаахгүй. Улаан Үдийнх шиг хүчтэй усан оргилуур байгуулж, мөнхийн билэгдэл гацуур, хуш, хус, хар мод, улиас, хайлаас зэрэг Монголд ургадаг моднуудын төлөөллийг тарьж цогцолбороо чимье. Тийм зай ч бий. Анхны долоо эзэн Чингистээ мөргөнө үү гэхээс их хаантайгаа талбай булаацалдах өчүүхэн амьтад байгаагүй билээ. 

(Жич: Нийслэл хотын шавыг аравнайлсан анхны богд өндөр гэгээн Занабазарыг Галдан бошигтоос болдог юм уу түүхчид дурсахдаа хойрог. Манж-зүрчдээ хятад гээд Түвдийн цагаан сараар шинэлдэг боллоо. Түвд Тува тэс ондоо хэлтэй-дээдсийн ярьдгаар-хэл буруутан. Зүрчид Цахар Бараг цөм монгол хэлт нэг үндэстэн. Монголоо гэх төрсөн хүүгийн үнэнч зүрхтэй Сайн ноён Намнансүрэн, чин ван Ханддорж, да лам Цэрэнчимэд, говь түшээ гүн Чагдаржав, Түшээт хаан Дашням нарыг (өөрийгөө амьд бурхан гэж сүжигтэн олноо мунхруулсан) Богд Жавзундамбаас доогуур эрэмбэлэх болжээ. Эх орныхоо төлөө зүтгэж амиа зольсон шилдгүүдийнхээ дээр хэн нэг орос түвдийг биширч залдаг нь монголчуудын бие биенээ татаж унагадаг атаа жөтөөнөөс үүсэлтэй нь ортой ч юм шиг. Ардын хувьсгал гэх худал хуурмаг заваан түүхээ чимэх гэж Д.Сүхбаатарыг дэгс магтаалаар бүү харлуул. Эгэл жирийн түүний бодит хэмжээ бидэндээ хийморилог залуу жанжин).

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
9-р сарын 19-21-нд Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хаана 30 мин БЗД дүүргийн 45 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа 32 мин Хөвсгөлд бага насны хүүхэд сураггүй алга болж, эрлийн ажиллагаа үргэлжилж байна 36 мин Австрали улс хүлэмжийн хийн ялгарлыг 62-70 хувиар бууруулах амлалт өглөө 38 мин ФИФА клубүүдэд олгодог урамшууллыг 70%-иар нэмэгдүүллээ 39 мин Р.Отгонбаатарын “Монгол ном бичгийн соёл” үзэсгэлэн Чингис хаан музейд нээлтээ хийв 41 мин Умард Солонгосын 260 хүний баг Азийн наадамд оролцоно 43 мин БНСУ руу “Ургацын баяр”-ын үеэр аялах аялагчдад анхааруулав 47 мин БНХАУ, АНУ-ын удирдагчид Өмнөд Солонгост уулзана 51 мин 2026 оноос Францад Засгийн газрын хуучин гишүүдийн давуу эрхийг цуцална 53 мин Израиль Газын зурваст цэргийн ажиллагаа эхлүүллээ 1 цаг 46 мин МАН-ын даргын сонгууль институцын хямрал руу хөтлөх үү 2 цаг 11 мин О.Чулуунбилэг: АН-ын туулсан бүх зовлонг МАН тойрохгүй байх 2 цаг 28 мин Монголд тохирсон цагаан будааны сорт амжилттай туршигдав 2 цаг 53 мин 75 хоногт баригдсан станц төвийн бүсийн тогтвортой байдлыг хангаж байна 3 цаг 7 мин Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Энхжин ДАШТ-ий хүрэл медальтан болов 3 цаг 11 мин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 4.0–4.25 хувь болгон буурууллаа 3 цаг 12 мин НҮБ ирэх оны төсөвт зардлаа 15 хувиар танахаар болжээ 3 цаг 15 мин Шөнийн гүн, таг дуугүй 4 цаг 39 мин Данзанравжаагийн өвийг сурталчлах яруу найргийн наадам болно 4 цаг 50 мин
iИх уншсан
Бусдын нүдэн дээр гарсан хэрцгийлэл ба “bystander effect” Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт ... Төсвийн бодлого намын даргад нэр дэвшигчдийн хөзөр биш Б.Батхуяг: Хар тамхичин хүнийг шорон, эсвэл үхэл хүлээж байд... Ч.Отгочулуу: Хууль хяналтын тогтолцоо дарангуйлагчдын гар хө... Балбын гашуун сургамж Үйлтэй таван толгой Улс төрийн идэвхтэн, Трампын ойрын холбоотон Чарли Киркийг т... Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдла... 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад ... Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв Эх дагина Дондовдуламын хосгүй үнэт эд зүйлсийг Богд хааны о... Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял ... Монголын гадаад худалдааны эргэлт 16.6 тэрбум ам.долларт хүр... "Чөтгөрийн ангууч" цуврал анимейшн кино Box Office-ыг тэргүү...
Top