x

Ж.Жамъянтив: Төрийн албаны тухай хуулийн чадамжийг бүрэн дайчлах ёстой

Боловсрол судлалын докторант Жамъянжавын Жамъянтив.

-Шинээр батлагдсан Төрийн албаны тухай хууль 2019 оны эхнээс хэрэгжиж эхлэх нь. Та орон нутгийн төрийн үйлчилгээний албанаас төрийн захиргааны болон улс төрийн албанд сум, аймагт удирдах ажил хийж байсан хүний хувьд энэхүү хуулийн боловсруулалт, хэрэгжилт үйлчлэх чадамжийг хэрхэн харж байна вэ? 

-Монгол Улсад хууль эрх зүйн шинэтгэл, төрийн байгууламж тогтолцооны амжилт ололт байгаа ч баталсан хууль тогтоомжоо хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэг л асуудал болоод байна. Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлээр төрийн захиргааны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг нарийвчлан тодорхойлж өгснөөр төрийн албыг улс төрөөс хараат бус мэргэшсэн тогтвортой байлгах, тэдгээрийн нийгмийн баталгааг хангах, төрийн албаны төв байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох чиглэлээр харьцангуй сайн хийжээ.

Аливаа баталсан хуулийн чадамжийг бүрэн дайчлах явдал бол хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагын менежмент, мэрийлт оролцооноос хамаарна. Мөн улстөрчдийн ёс суртахуун ч нөлөөлнө. Хуулийн чадамжийг нь бүрэн ашиглахгүй байдал цөөнгүй бий. Тухайлбал, төрийн албан хаагчдыг сэлгэн ажиллуулах журмын хэрэгжилт загвар төдий байна. Сэлгэн ажиллуулах нь үндсэн хоёр зорилготой.

-Тодруулбал?

-Нэгдүгээрт, хувь хүний манлайлах чадвар, удирдлагын сайн менежмент зарим тохиолдолд хүчтэй харизмыг өөр орон нутаг, байгууллагад түгээн дэлгэрүүлж нутагшуулах хэрэгтэй.Хоёрдугаарт, удирдлагын сайн менежменттэй, хэвшиж тогтсон сайн соёлтой байгууллагын ажлын сайн туршлага, менежментийн ур чадвар, үнэт зүйлсээс богино хугацаанд сэлгэн томилсон ажилтнаа сурган дадлагажуулж хандлага, зан үйлийг өөрчлөн үйлдэн суралцуулах юм.

Сэлгэн ажиллуулах гэдэг нь тасалгааны үхмэл агаарыг салхивч онгойлгож шинэ агаарын урсгалаар сэлгэхтэй төстэй юм. Өмнөх тогтолцооны үед удирдах ажилтныг төр засгийн бодлогоор сэлгэн ажиллуулдаг байсан. Хөдөлмөрийн баатар Г.Лодойхүү, Р.Минжүүр, Ү.Аварзэд гэхчлэн шилдэг менежменттэй аж ахуйн сайн удирдагчид олон газрын ажлыг сайжруулсан байх жишээтэй.

“Нэг албан тушаалд арван жилээс илүү ажиллавал тэр хүний сайн чанар нь шингэж дуусаад муу чанар нь шингэж эхэлдэг" гэж Америкийн менежментийн эцэг гэгддэг Петер Дракер хэлсэн байдаг. Шинэ газар, хамт олны дунд ажиллах нь тухайн хүний хэвшиж тогтсон хандлага ажлын арга барил, үйл ажиллагааны “хайрцаглагдсан” байдлыг эвддэг эерэг нөлөөтэй байдаг.

Ухаантай хүмүүс үүнийг мэдэрч ажлын байраа сэлгэе, шинэ хамт олны дунд, шинэ уур амьсгалд очъё гэдгээ мэдрэмж зөн совингоороо ухамсарлан ойлгож хэрэгжүүлж чаддаг.

-Төрийн албыг тогтвортой байлгахад таны бодлоор удирдах албан тушаалтнуудын хандлагад хамгийн түрүүнд юуг өөрчлөх шаардлагатай вэ?

-Төрийн албаны халаа сэлгээ томилох эрх бүхий хуулийн этгээдийн хүсэл хандлагаас зонхилон ха-маарч байгаа. Улс төрийн нөлөө, шударга бус томилгоог багасгахын тулд сонгогдсон болон томилох албан тушаалтны ялгаа заагийг л тодорхой болгох ёстой. Төлөөллийн ардчиллын байгууллагаар сонгогдсон хүмүүс нэр хүнд нь буурахгүй, сонгогчдын дэмжлэг авч байвал хэдэн ч удаа сонгогдох боломж нээлттэй.

Харин хуулиар томилох эрх бүхий албан тушаалтнууд “томилох” гэдэг үгийг мөн чанараар нь хэрэгжүүлэх хүсэл зориггүй байгаад л хамаг зангилаа оршиж байна.

-Жишээлбэл?

-Бүх шатны шүүгчийг томилох эрх улсын Ерөнхийлөгчид байна. Иргэдийн зөрчигдсөн эрхийг эрх мэдэлтнээс хамгаалах эцсийн найдвар болсон шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцээд, шалгуур болзлыг бүрэн хангасан хүмүүсийг батлах, албажуулах эрхийг л хуулиар Ерөнхийлөгчид өгч буй хэрэг юм. Түүнээс бус тухай хүний талаар элдэв шалгуур, таамаг баримжаа тавьж томилно, эс томилно гэсэн сонголтын эрхийг өгч буй хэрэг биш юм.

Яагаад шүүгчийг томилох эрхийг заавал төрийн тэргүүнд хуулиар олгоод байна гэдэгт утга учир байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хараат бус мэргэшсэн шүүгчийн эрэмбэ зиндаа, ажлын нэр хүндийг өргөж ёс суртахууны хариуцлага хүлээлгэж, шударга ёсны хүлээлт, итгэл найдлагыг төрийн тэргүүний зарлигаар гардуулж буй хэрэг мөн. Төрийн албаны тухай хуулиар тэргүүн болоод эрхэлсэн түшмэлийн зэрэг дэвийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд олгож буй нь дээрхтэй агаар нэг утгатай.

Иймд томилох эрх бүхий хуулийн этгээд зохих болзол шалгуур хангасан хүнийг хүсэл зоргоосоо үл хамааран батлах, албажуулах үүрэгтэй гэсэн хуулийн зарчим, ухамсар хандлагыг төрийн албанд бодитойгоор нэвтрүүлж төлөвшүүлж чадвал төрийн алба мэргэшсэн тогтвортой байх мерит зарчим бүрэн утгаараа хэрэгжих юм.

Өнөөдөр сонгогдсон улс төрийн албан тушаалтан доод хүмүүсээ өөртөө нийцэх, дуулгавартай байх, өгсөн үүрэг чиглэлийг эрх зүйн хувьд зөв бурууг нь үл харгалзан ягштал биелүүлэх хүн хайгаад эхэлдэг ийм замаар сандал суудлын хэрүүл, халаа сэлгээ тасрахаа байсан тогтолцоо оршсоор байгаа. Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх дүрэм журам, стандартыг илүү нарийвчлан, уялдаа холбоог сайжруулан, хэтийн стратеги зорилтод нийцүүлэн боловсруулан гаргаж эхнээс нь зөв механизмаар хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

-Төрийн алба мэргэшсэн тогтвортой, ил тод хариуцлагатай байхад төрийн албан хаагчид өөрсдөө ямар байх ёстой вэ?

-Юуны өмнө парламент бол олон ишт үзэл уралдуулах, шүүн хэлэлцэх мэтгэлцээний нээлттэй талбар бөгөөд парламентын гишүүд олон сонгогдохынхоо хэрээр мэргэшсэн байдал нь хангагдана. Ямар намын гишүүн байхаас үл хамааран олон удаа сонгогдсон гишүүд бол Монгол төрийн алтан аргамжаа, үнэт капитал юм. Даанч ингэж ойлгодог иргэн хүн, ийм үнэлэмж, нэр хүндийг ард түмнээсээ тогтвортой хадгалсан хүн цөөн байгаа нь харамсалтай хэрэг шүү.

1995 онд Төрийн албаны тухай хууль батлагдсанаас хойш төрийн хуулийг хэрэгжүүлэх гол үүрэг бүхий албан тушаалтан болох “түшмэд"-ийн засаглалыг улс төрөөс ангид, мэргэшсэн тогтвортой, ил тод хариуцлагатай, өндөр чадамжтай хадгалах асуудал хөндөгдсөөр ирсэн билээ.

Монгол төрийн уламжлалд түшмэд хүний нэр төр, байр суурь, ухаан чадал үеийн үед дээгүүр тавигдсаар ирсэн. Төрийн түшмэд хүн хуулийг хэрэгжүүлэхдээ ухаан мэдлэгээр, алсын хараагаар, шударгуу ёсны зарчмаар, эв эеэр, зөвшилцөх ухааруулах нарийн аргаар, энэрэн нигүүлсэнгүй сэтгэлээр хандаж гэмээ нь нэр төр, алдар хүндийн хувьд өндөр байхыг сургасан байдаг.

Монгол төрийн нэрт зүтгэлтэн Анандын Амар агсны тухай “...ухаан шүүж, насыг зарсан, ааль номхон, сэтгэл зөөлөн нигүүлсэнгүй, чин зориг гайхамшиг, намтар түүх гэгээн, эд хав нэвт, эрдэм соёлд хичээнгүй нягт, зан ааш төрөлхийн шударгуу, тулх ноён нуруутай” хэмээн тодорхойлсон нь түшмэд хүний дээд чанарын илэрхийлэл юм. Төрийн албаны тухай хуулийн өмнөх өөрчлөлтүүд түшмэдийн засаглал улс төрийн сонгуулийн үр дүнгээр хэмхэрч унадаг спойл зарчмаар бус, мэргэшсэн тогтвортой, ил тод хариуцлагатай, өсөлт хөгжилтийн карьерын тогтсон системтэй \чадахуйн\ мерит зарчимд суурилж ирсэн.

Иргэний нийгмийн төлөөллийн ардчиллын байгууллагыг төрийн жинхэнэ албан хаагчдаас илүү санхүү бизнесийн нөлөөллөөс хамгаалах нь чухал болсныг өнөөгийн нийгмийн үйл явц зураглан харуулж байна. 

Бизнесийн хүмүүс бол капитал хуримтлагдаж буй хөгжлийн эхэн үед төрийн албаны хүмүүстэй харьцуулахад ашиг сонирхлоор хамгаалах биет болоод биет бус зүйлс ихтэй, мэдээллийн давуу байдлаа хувийн зорилгодоо ь ашиглах хүсэл зориг илүүтэй төрж болохуйц онцлогтой хүмүүс шүүдээ. Байгалийн хуулиар бол аливаад нэвчих чадвараа хэрэгжүүлэх орон зайн талбар ихтэй хүмүүс юм.

Үүнтэй холбогдуулан төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг илүү-тэй хангаж бизнесийн ашиг сонирхол төрөхөөс урьдчилан хамгаалах эрх зүйн болоод эдийн засгийн давхар хамгаалалтыг бэхжүүлэх ёстой. Төрийн албаны ил тодын зарчмыг бүрэн утгаар хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх иргэний нийгмийн хяналтыг бэхжүүлэн чангатгах ч үүнд нэн хамаатай.

-Төрд ажиллах шалгуурыг бол өндөрсгөх хэрэгтэй байх?

-Нөгөө талаас төрийн хуулийн дархлаа, бамбайтай гээд түшмэд хүний шалгуурыг даахгүй, өөрийгөө сургаж бэлтгэхгүй, ёс бусын ашиг сонирхолд хутгалдваас төрийн алдар хүндийг сэвтээж, дархлааг сулруулна. Иймд төрд ажиллах болзол шалгуурыг өндөрсгөж одоогийн шүүлтүүрийн нүхээ нарийсгах, олон давхар болгох шаардлага тулгарч байна. Энэ бол шинэ хуулийн амин сүнс гэж хэлж болно байх аа.

Мөн захын иргэд үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагчдыг элдвээр доромжлох, гүтгэх зарим тохиолдолд их бага халдлага хүчирхийлэл хийх байдал газар авч байна. Төрөөс албан хаагчдаа хамгаалах талаар соёл гэгээрлийн болоод олон төрлийн ажил зохион байгуулах шаардлагатай болжээ. “Энэ байдлыг зорилго чиглэлтэй хийхгүй бол чадвартай сэтгэлтэй хүмүүсээ алдаж ур чадварын хомсдолд орно.

-Төрийн албанд сайн хүмүүс цуглуулах гол ажил сонгон шалгаруулалт мэргэшлийн шалгалтууд биз дээ. Энэ ажлыг зохион байгуулахад цаашид юу анхаарах ёстой вэ?

-Төрийн албаны зөвлөлийн нэг чухал үүрэг бол төрийн албаны мэргэшлийн шалгалт болоод сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах эрэлт нийлүүлэлтийн хүлээгдсэн хэрэгцээ, зохицлыг хангах тухай асуудал юм. Төрийн албаны тухай хуулиар сорил шалгалтуудын агуулгыг тодотгон томьёолж өгсөн нь ахиц дэвшил хэмээн харагдаж байна. 

Гадны улс орнуудад хэрэглэдэг ярилцлагын олон төрөл хэлбэрийг авч ашиглах нь мөн л төрийн албаны хуулийн чадамжийг бүрэн ашиглах асуудалтай холбогдох ба үүнийг авч хэрэгжүүлэхэд заавал тухайн хуулийн тусгайлсан зохицуулалт шаардлагагүй юм.

Хөндлөнгийн оролцоог хангасан янз бүрийн түвшний ярилцлагын үр дүнд шинжилгээ хийвэл хувь хүний төрөлх ухаан билэг, боловсрол мэдлэгийн түвшин, ааш араншингийн байдал, хичээл зүтгэлтэй чанар, өсөж төлөвшсөн орчин хүмүүжил илүү тодорхой болно.

Иймэрхүү байдлаар л сонгон шалгаруулалт, мэргэшлийн шалгалтын үр дүнг сайжруулж төрд ажиллах шүүлтүүрийг сайжруулах хэрэгтэй гэж бодож байна. Өндөр төрд өөдлөх ирээдүйтэй ажилт-наар шалгаруулан авсны дараа ажлын байран дээр үлгэрлэн болон үйлдэн суралцах хөгжил хэрэгцээг хангах, төрийн байгууллага бүр суралцагч байгууллага байх гэхчлэн хийх ажил мундахгүй биз ээ.

-Төрийн албаны зөвлөлийн эрх мэдэл шинэ хуулиар чамгүй нэмэгджээ. Энэ байдлыг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?

-Төрийн албан хаагчийг хууль зөрчиж халсан албан тушаалтан өөрөө төрийн албанд дахин орох эрхгүйгээр халагдах, хууль бусаар дахин дахин халсан бол шийдвэрийг нь шууд хүчингүй болгох, хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбоотой буруу шийдвэрийг Төрийн албаны зөвлөл өөрчлөх буюу хүчингүй болгох гэхчлэн дэвшилтэт заалтууд орсон байна.

Зарим эрх мэдлийг нэмэгдүүлсэн байдлыг "удирдаж чадахгүй хүн ямагт эрх мэдэл булаагч болцгоодог” гэсэн утгаар ойлгож болохгүй ээ гэж бодож байна. Төрийн албатай холбогдон гарсан гомдол маргааныг зүй зохистой, амжилттай, чирэгдэл багатайгаар шийдвэрлэхэд дээрх эрх мэдлийн нэмэгдүүлэлт зайлшгүй чухал байжээ.

ХБНГУ-д сахилгын шийтгэлийг долоон шатлалтай хэрэгжүүлдэг бөгөөд ажлаас халах эрх бүхий албан тушаалтанд болон зөрчил гаргасан төрийн албан хаагчид тус тусад нь зориулан зориулан зөвлөгөө, лекц, шүүмжлэлт харилцан яриа өрнүүлэх, сануулга хүргүүлэх, санамж анхааруулга өгөх зэрэг олон хэлбэрийг ашиглаж дахин дахин сахилгын шийтгэл гаргуулахгүй байх, үүдэн гарах үр дагаврыг нь таниулахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг байна. Энэ мэтчилэн Төрийн албаны тухай хуулийн чадамжийг ашиглах олон боломж нээлттэй байгаа гэж бодож байна.

Төгсгөлд нь, Францын зохиолч Р.Ролланы “Тушааж сурах, захирагдаж сурах нь хоёр туйл бөгөөд бөмбөрцөг бүтээхэд хоёр туйл хэрэгтэй адил чухал" гэсэн үг төрийн удирдах болоод гүйцэтгэх бүх албан хаагчид нэн хамаатайг онцлон хэлмээр байна. Төрийн албан хаагчид замбараагүй байдлын ихсэх чиглэл рүү тэмүүлсэн байгалийн хуулийн зөнд хөтлөгдсөн олон нийтийн тэмүүллийг хязгаарлахад л чиглэн ажиллах ёстой.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 6 цаг 2 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 6 цаг 58 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 9 цаг 50 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 10 цаг 8 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 12 цаг 20 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 12 цаг 31 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 12 цаг 40 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 12 цаг 54 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 12 цаг 59 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 13 цаг 18 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 13 цаг 37 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Өчигдөр 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Өчигдөр 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах ...
Top