x

Б.Лхагважав: Компаниуд татвараа төлөхгүй байх нь хулгайч-төртэй хийх тэмцлийн эхний алхам

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан ЖДҮХС-аас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох шаардлагыг хүргүүлсэн билээ. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол аж ахуйн нэгжүүд татвараа төлөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Энэ талаар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа. 

-ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүн, сайд дарга нарт хариуцлага тооцохгүй бол татвар төлөхгүй гэж танхимаас мэдэгдлээ. Гэхдээ татвар төлөх бол Үндсэн хуульд заасан үүрэг. Төлөхгүй гэж уриалах нь хууль зөрчихгүй юү?

-Төр нийтийн санхүү буюу татвар төлөгчдийн мөнгийг төрийн институциуд, төрийн албан тушаалтнуудаас хэрхэн хамгаалах вэ гэдэг хамгаалалт Үндсэн хуульд байдаггүй юм. Үүнийг нь далимдуулсан булхай луйварын нэг хэсэг нь ЖДҮХС-гаар илэрч байна. Энэ сангаас УИХ, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд албан тушаалын давуу эрхээ ашиглан, хууль зөрчин зээл авсан нь тодорхой боллоо. Одоо бид нар яах вэ? Үндсэн хуулийн 2.1-д шударга ёс, ардчилсан ёс, тэгш ёсыг зарчим болгож ажиллана гэж төрийн үндсэн зарчмыг тусгасан. Мөн 5.1-д, төр нь өөрөө нийтийн сайн сайхны төлөө нийгэм, улс төр, эдийн засагт зохиуцуулалт хийж болно гэсэн байдаг. Зохицуулалт хийнэ гэдэг нь өөртөө давуу эрх бий болгоно гэсэн үг биш шүү дээ. Өнөөдөр ААН-үүдийн төвлөрүүлэх татвар нэг их наядаар давсан байна. Гэтэл татвар төлөгчдийн мөнгө болох нийтийн санхүү хамгаалалтгүй байгаа нь тодорхой боллоо. Иймд хамгаалалттай болгох механизмаа танхим дээр төвлөрүүлж, хамтран ажиллах санал хүргүүллээ. Хэрвээ хамтран ажиллахгүй, хариуцлага хүлээхгүй гэвэл бид дараагийн алхмаа хийнэ.

-Тэр нь татвараа төлөхгүй байх явдал уу?

-Иргэн Үндсэн хуульд зааснаар дөрвөн үүргийг заавал биелүүлнэ. Үүний нэг нь хуулиар тогтоосон албан татвар төлөх үүрэгтэй. Мөн төр нь иргэнийхээ эрхийг зөрчсөн байвал иргэнийхээ зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нь төр өөрөө барагдуулна гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл төр өнөөдөр өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байна. Хэрвээ төр өөрөө ингэж Үндсэн хуулиа зөрчиж болдог юм бол, иргэн ч гэсэн энэ хулгайч нараас нийтийн санхүүг хамгаалахын тулд  татвар төлөх журамт үүргээсээ татгалзах эрхтэй. Бид эрх баригчдыг шийдвэрийг харж хүлээж байна, илүү нарийн яривал ирэх улирлын сарын татварыг төлөхгүй, ААН, иргэд өөрсөддөө зарцуулъя гэж байгаа. Төлсөн татвар маань нэгэнт л хулгайч нарт очоод байгаа юм бол компаниуд дотроо, ядаж ажилчиддаа зарцуулъя л даа. 2018 оны төсөв нэгэнт биелсэн, дээр нь нэг их наядаар давсан учраас Засгийн газар бидэнд гомдлоод байх шаардлагагүй.

-Хэрвээ аж ахуйн нэгжүүд нэг сар татвараа төлөхгүй гэвэл улсын татварын орлого хэчнээн төгрөгөөр багасах вэ?

-Хэрвээ нэг сар татвараа төлөхгүй бол улсын орлого 600 тэрбум төгрөгөөр тасарна. УИХ  ирэх жил татварын орлогыг 1.2 их наядаар өсгөнө гэж төсвөө баталсан. Энэ тохиолдолд татвараа төлөхгүй зөвхөн нэг сар болоход ирэх оны төсвийн орлого жилийн дүнгээрээ биелэхгүй, тасалдах эрсдэл үүснэ.

-Өнөөдрийн байдлаар танхимд хэчнээн аж ахуйн нэгж бүртгэлтэй байна вэ. Бүгд татвараа төлөхгүй гэдэг дээр санал нэгдэж байгаа юу?

-Танхим бол хуулиар байгуулсан ТББ. Бизнесийг хамгаалдаг гэдэг утгаараа бүх татвар төлөгчийг өмгөөлөх үүрэгтэй. Тиймээс манайд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 157 мянган аж ахуйн нэгж хамаарна. Танхимд бүртгэлтэй 3600 компани бий. Үүнээс топ 100 компани нь ДНБ-ий 93 хувийг үйлдвэрлэж байгаа. Энд төрийн өмчит 16 компани багтаж байгаа. Гэхдээ энэ 16 компани ДНБ-ий 37 хувийг үйлдвэрлэдэг. Ер нь улсын татварын гол орлогыг 500 компани бүрдүүлдэг. Жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн маань татварын орлогын хоёр хувийг бүрдүүлдэг боловч идэвхтэй ажиллаж, 800 мянга гаруй хүнийг ажилтай, орлоготой байлгадаг том салбар. Ийм олон хүнийг ажилтай, орлоготой байлгаж, нийгэмдээ үйлчилж байгаа маш том хариуцлага.

-Гэтэл үүнээс ч илүү олон ажлын байр бий болгох  зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлд хуваарилсан хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд дээгүүрээ хуваагаад авчихсан байгаад нийгмээрээ бухимдаж байна. Танхимын мэдэгдэл ч энэ бухимдлын нэг хэлбэр байх, тийм үү?

-Манай мэдэгдэл бол бухимдлаас гадна тэмцлийн нэг хэлбэр. Татвараа төлөхгүй гэдэг нь тэмцлийн эхний л алхам. Үндсэн хуулийн 2.1-д зааснаар төр тэгш байдлыг хангах үүрэгтэй. Төрийн гол зарчим нь энэ. Төр тэгш бололцоог бизнес эрхлэгчдэд хангаж өгөх үүрэгтэй. Тиймээс лицензээр, татвараар, татаасаар энэ үйл явц илэрдэг. Шударга бус байвал ийм байдал бий болдог. Ирэх жилийн баталсан төсвөөр 22 санд нийтдээ 3.7 их наяд төгрөг суулгаснаас 90 орчим хувийг нь эрүүл мэндийн сан, нийгмийн даатгалын сан аваад буцааж хэрэглэдэг. Гэтэл энэ сангуудаар дамжиж байгаа татвар төлөгчдийн мөнгө өөрөө хамгаалалтгүй, хяналтгүй байна гэсэн үг. Үндсэн хуульд зааснаар төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэний эрх хохирсон бол хохирлыг төр барагдуулах үүрэгтэй. Хэрвээ ЖДҮ-ийг дэмжих сангаас 100 аж ахуйн нэгж зээл авсны 90 нь төрийн албан тушаалтан байгаа  бол дараагийн 90-д нөхөж олгох ёстой гэсэн үг. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын аль, аль нь энхийн цагаан тагтаа болох гэж, өөрсдөө буруугүй мэт болж гарах гэж зүтгэж байна. Бие биедээ ял өгөх гэж зүтгэж байна. Энийг шийддэг газар нь Цэц. Даанч Үндсэн хуулийн Цэц өнөөдөр унтаа байгууллага болсон. Тийм л шударга ёс тогтоох гээд байгаа бол УИХ-ын дарга Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ өг. УИХ-ын  гишүүд холбогдсон энэ асуудал нь Үндсэн хууль зөрчсөн үү, үгүй юү, огцруулах үндэслэлтэй юу гэдгээр УИХ-ын дарга өөрөө шууд Цэцэд хандаж болно. Ерөнхий сайдад ч ийм эрх бий. Иргэд ч ингэж хандаж болно. Хамгийн гол ялгаа нь, УИХ-ын дарга, эсвэл Ерөнхий сайдаас ирүүлсэн хүсэлтийг Цэц ажлын таван хоногт багтаан хянаж, дүгнэлтээ гаргах хуультай. Энгийн иргэнийх бол хэдэн сар сунжирна, аягүй бол шийдэгдэхгүй мартагдана. Бас Ерөнхийлөгчөөс прокурорт хүсэлт гаргах, Цэцэд хандах эрх бас бий.

-Хариуцлага тооцох гэхээр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрт эрх мэдэл нь байхгүй юм биш үү. Бид хоёр шүдгүй арслан шиг байна гэж Ерөнхий сайд хэлсэн?

-Ерөнхий сайд өөрийгөө шүдгүй арслан гэх юм. Гэтэл хариуцлага тооцоход ашиглах, хуулийн үндэслэл болгох “шүд” Цэц, Цэцийн дүгнэлт шүү дээ. “Шүдгүй” биш, харин байгаа “шүд”-ээ  бүрэн ашиглах улс төрийн сонирхол байна уу, үгүй юү гэдэгт л учир бий байх. Уг нь нийгэмд өнөөдрийнх шиг, ЖДҮ-гийнх шиг асуудал үүссэн тохиолдолд Үндсэн хуулийн Цэц өөрийнхөө санаачилгаар ажиллах ёстой юм. Харамсалтай нь, манай Үндсэн хуулийн манаач нар тэгж ажиллахгүй байна.

Төр нь өөрөө нийтийн мөнгөнөөс хулгайлж байгаа тохиолдолд Цэц өөрөө санаачилгаар ажиллах ёстой. Дахиад хэлэхэд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүч нь байгаа шүү. Та нарын “соёо шүд” чинь Цэц шүү.

-Гэхдээ Үндсэн хуулийн Цэцэд хандлаа ч гишүүдийнх нь томилгоо улс төрийн нам, Ерөнхийлөгчөөс хараат байгаад байгаа тохиолдолд Цэц шударга шийдвэр гаргах уу?

-Төрийн аудитад итгэхгүй байна. Яагаад гэвэл ерөнхий аудитор нь зээл авсан хэрэгт холбогдсон. Бас прокурорын орлогч холбогдлоо. Тиймээс цэвэр үлдсэн ганц байгууллага нь Цэц байна. Тиймээс одоо л Цэцийг харъя.  Үндсэн хуулиа хамгаалж чаддаг эсэх, улстөрчдөөс хараат бусаар ажиллаж чаддаг эсэхийг харъя. Хэрвээ Үндсэн хуулиа, эрх зөрчигдсөн иргэдээ хамгаалж чадахгүй бол, уучлаарай, ард түмэн бүгдийг нь солих эрх нь нээлттэй. Ард түмнээсээ хулгайлдаг, Үндсэн хуулийн зарчим биелүүлдэггүй төрийн байгууллагууд, төрийн зүтгэлтнүүд бидэнд хэрэггүй. Тэдэнтэй хуйвалддаг Цэц ч хэрэггүй.

Ер нь нийтийн өмчийг хамгийн өндөр албан тушаалтнууд улс төрөөр дамжиж хувааж авдаг. Дээр нь, нийтийн санхүүг бас хуваадаг боллоо. Энэ нь манайхыг цэвэр мафийн систем рүү оруулсан. Үүнийг засах, зогсооход Үндсэн хуулийн Цэц хамгийн их үүрэгтэй.

-Цэц зогсоож чадахгүй бол яах вэ?

-Хамгийн энгийн арга нь ААН-үүд татвараа төлөхгүй байх. Төрийг өөрийг нь мөнгөгүй болгох хэрэгтэй. Ард түмэнд эрх нь бий. Татвараа төлөхгүй гэдэг бол бидний хамгийн том давуу эрх. Төрийг мөнгөгүй болгоод, дараа нь хяналтын механизмаа тавина. Хамгийн гол нь бүх хариуцлагыг үүрүүлэх ёстой. Сүүлийн зургаан жилийн их мөнгөний хэргүүдийг шийдэх ёстой. Одоогийн УИХ-ын гишүүн, сайд дарга нарын зээл авсан асуудал, өмнөх Засгийн газрын Үнэ тогтворжуулах хөтөлбөр, таван тэрбум ам.долларын бондыг хуваасан этгээдүүдэд ч хариуцлагыг нь үүрүүлэх ёстой. Асуудлын хойно, хөшигний ард нуугдаж, шударга царайлж үлдэнэ гэсэн ойлголт байж болохгүй. ЖДҮ-гээр далимдуулж, өмнөх том хэргээ нуух гэсэн санаархал маш их явж байна. Нэгэнт гал асаасан бол эцсийг нь хүртэл дүрэлзүүлээд дуусгах ёстой.

-Гэхдээ том мөнгө, том улстөрчдийн цаана том аж ахуйн нэгжүүдийн эрх ашиг нуугдаж байдаг. ААН-үүд өөрсдөө улстөрчдийг лоббидож, мафийн системийг үүсгэхэд өөрсдөө оролцдог. Энэ хамаарлыг яаж, хэрхэн таслах юм бэ?

-Нэг талаар энэ үнэн. Төрийн бизнест бүх аж ахуйн нэгж оролцож байгаа. Тиймээс аж ахуйн нэгжүүдэд ч бас шударга тоглох бололцоог нь олгох ёстой. Би Татварын багц хуулийг баталчихаач гэж олон жил ярьж байна. Хэрвээ энэ хуулийг баталчихвал 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс тоглоомын дүрмээ шударга болгоё гэж байгаа юм. Зах зээл дээр шударга өрсөлдөөнөөр л ажиллая. Нийтийн мөнгө, нийтийн санхүүгээс хулгайлдаг механизмаа хаагаад өг. Нийтийн мөнгийг нийтэд нь хэрхэн зөв зарцуулж чадсан нь орчин үеийн улстөрчдийн гол шалгуур болсон. Хулгайгүй, хулхигүй, шударгаар хуваарилж, захиран зарцуулах нь чухал. Энэ бол нэг тал. Нөгөө нь, бид ардчиллаар олж авсан үнэт зүйл, эрх чөлөөгөө хамгаалах хэрэгтэй болсон байна. Эдийн засгийн эрх чөлөө, дээр нь ардчиллаар бий болсон парламентын засаглалаа авч үлдмээр байна. Энэ чинь сүүлийн 27 жил бий болгосон бидний үнэт зүйл. Энэ үнэт зүйлээ хамгаалах нь иргэн болгоны үүрэг. Хэрвээ Цэц энэ асуудлыг дийлэхгүй бол ард түмэн нэгдэнэ. Ялангуяа нийтийн мөнгөний хуваарилалт буюу сангуудын ил тод байдлаар танхим дээр төвлөрч яръя гэж уриалж байна. Өнөөдөр УИХ, энэ Засгийн газарт найдахгүй байна. Яагаад гэвэл, аль аль нь  дотроо хулгайчтай байгаа  учраас эд нарын дэргэд зөвлөл, ажлын хэсэг байгуулж, биесээ шалгана гэдэг үлгэрт итгэх хэрэггүй. Үүний оронд танхим дээр зөвлөл байгуулаад, гаднын аудитын байгууллага авчраад шалгалт хийлгэеУчир нь, төрийн аудит нь өөрөө хулгайч болсон. Бид ОУВС-д хүсэлтээ тавиад тэдний мэргэжилтнүүдийг авчраад хамтран ажиллах гарц бас байна. Нөгөө талд, ОУВС-д итгэхгүй асуудал байж болно. Учир нь манай арилжааны банкууд руу шалгалт орлоо гэсэн чинь үр дүн нь маш эргэлзээтэй гарсан. Тиймээс тэднээс өөр экспертүүдийг дуудаж ажиллах боломж танхим дээр нээлттэй. Гаднын аудитын байгууллага урьж авчраад төрийн 21 санг шалгая, төрийн концесс, үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгуулах бүрэн боломжтой.

Манай улстөрчдийн увайгүй, ёс зүйгүй нь ард түмний өгсөн ташуурыг ойлгохгүй юм. Өмнө нь өөрсдөө улсаа дампууруулсан хэрнээ энэ дүйвээн дор дараагийн сонгуульд эрх мэдэл авна гээд мөрөөдөөд давхиж яваа. Ард түмэн, татвар төлөгчдөө битгий басамжил, тэд мартаагүй гэдгийг хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: iToim.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп “Панорама” нэвтрүүлэгтэй холбоотойгоор BBC-ийг шүүхэд өгчээ 1 цаг 2 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Жү Ху Ён Монголын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 1 цаг 4 мин U20 ДАШТ-д бэлтгэх ажлыг эрчимжүүлэх үүргийг Узбекистаны Ерөнхийлөгч өглөө 1 цаг 5 мин Эрүүл амьдралын хэв маягийг спортоор дамжуулан төлөвшүүлэхийг онцлов 1 цаг 8 мин Хятадад III түвшний автомат жолоодлоготой автомашиныг нийтийн замд зөвшөөрөв 1 цаг 11 мин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд эрэн хайх, аврах салбар нээгдлээ 1 цаг 13 мин Нэгдүгээр тойрог зам төслөөр хотын төвөөр дамжих тээврийн урсгалыг зохицуулна 1 цаг 15 мин Өмнөговьд хавдрын эмчилгээнд “хөгжимт эмчилгээ”-г нутагшуулжээ 2 цаг 38 мин Халтиргаа, гулгаатай замд баталгаатай тээврээр зорчихыг зөвлөв 2 цаг 46 мин Вьетнамд ирсэн гадаадын жуулчдын тоо түүхэн дээд түвшинд хүрчээ 2 цаг 47 мин Түргэн тусламжийн дуудлага огцом өсөж, 11 сарын байдлаар 404,485-д хүрэв 2 цаг 50 мин “Алтан цом”-ын дөрөвдүгээр тойрогт М-Си-Эс Энержи, АПУ Скайтел багууд тэргүүлж байна 2 цаг 52 мин “Гермес” төвийн нүхэн гарцын туннелийн үндсэн бүтээцийг хийж дууслаа 2 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 57 мин Монголын тамирчид багаараа Ой тогтоолтын Дэлхийн аварга боллоо 2 цаг 58 мин Төсвийн орлого буурч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наядын алдагдалтай болов 3 цаг 0 мин Орон сууцны үнэ 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өсжээ 4 цаг 59 мин Алтай-Улиастайн оргил ачааллыг бууруулах батарей станц ажиллаж эхэллээ 5 цаг 0 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна 5 цаг 0 мин Явган хүний гарцаар зам гарч байсан иргэнийг мөргөж гэмтээжээ 5 цаг 3 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top