x

Х.Тэмүүжин: “Парламентат ёсыг хамгаалахын тулд” гэж хэлбэл Ерөнхийлөгчийг дэмжихэд бэлэн

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Жижиг, дунд үйлдвэрийн сангаас төрийн түшээд зээл авсан  нь ил болж ард түмэн ихээхэн бухимдалтай байна. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Жижиг дунд үйлдвэрийн санг төрийн өндөр албан тушаалтнууд, хууль хяналтын байгууллагын ажилтнууд, аудиттайгаа нийлээд хуваагаад авчихсан тухай асуудал олон нийтийн эгдүүцлийг их төрүүлж байна. Дээр нь тэд иргэд яагаад уурсан эгдүүцээд буйг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаа бололтой. Багашаархан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээд, их биш ч цөөнгүй хүнийг ажлаар хангаад, дээр нь төрд татварлуулаад ард нь юм үлдвэл амь зуулгаа залгуулчих гээд оролдож буй дундаж хэсгийг хамгийн их бухимдуулдаг зүйл бол өндөр хүү. Үйлдвэрлэлээ өргөжүүлж, эрэлтийн хөрөнгөө нэмье гэхээр зээл авахаас өөр аргагүй. Барьцаа хөрөнгө байхгүй бол өндөр хүүтэй мөнгө хүүлэлтэд бүх мөрөөдлөө, хөдөлмөрөө тавиад тууж байна. Зээлийн хүү, түрээс, татвар, авилга гээд бөөн дарамт. Гэтэл тэдний татварын мөнгийг, өөрсдийнх нь нэрээр сайд, гишүүд олноороо, зохион байгуулалттайгаар, онц их хэмжээгээр зусалчихаж. Зуслаад зогсохгүй зарим нь хувийн банк, банк бус санхүүгийнхээ байгууллагаар хүүлээд буцаагаад ард түмнээ мөлжчихөж. Гэхдээ хамгийн зэвүүцэм нь тэд буруу зүйл хийснээ ер ойлгохгүй, өөрсдийгөө өмөөрөөстэй, толгойд нь хууль цааз, шудрага ёсны тухай ойлголт түй ч алга байна. Иргэд нь жилийн 30-40 хувийн хүүтэй мөнгөөр бизнес эрхлэх гэж оролдож байхад хажууд нь 3 хувийн хүүтэй мөнгө авчихаад тэдэнтэй өрсөлдөж, тэднийг хүүлж байна гэдэг яав ч шудрага бус. Тиймээс хамгийн их бухимдал төрүүлж байгаа сэдэв яалт ч үгүй энэ байна.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг албан тушаал наймаалах хэрэгсэл болчихсон гэж ярих юм. Ер нь ийм зүйл байдаг юм уу?

-Хоёр төрлийн хардалт, таамаг за бараг үнэн болов уу гэж дүгнэж болохуйц үйл явц руу орчихоод байна. Нэгдүгээрт, ЖДҮХС-аас авсан зээл нь бүгд 950 сая буюу нэг тэрбум төгрөг орчим байгаа, тэгээд уг зээлтэй холбогдсон хүмүүсийг хараад байхад жилийн өмнөх Засгийн газар, унасан, байгуулагдсан үйл явдалтай холбоотой байх шиг. У.Хүрэлсүхийн Засгийн газар УИХ дахь өөрийнхөө түншүүдийг урамшуулсан шан харамж, барьцаа маягтай зүйл юм биш үү гэж харагдахаар байна. УИХ-ын гишүүний нэг кноп 950 сая төгрөгөөр үнэлэгдсэн юм уу даа! Хоёрдугаарт, 2016 онд 60 тэрбумын схемээр бүрдсэн УИХ сонгуульд гаргасан зардалаа олж авах, өрөө төлөх, 2020 онд зарах мөнгөө төсөвөөс хулгайлах их аяндаа гарцгааж гэж хэлж болорхоор. Зөвхөн ЖҮДХС гэлтгүй олон сан байгаа. Сая төсөв батлагдахад нэг гишүүн дээр найман тэрбум төгрөг тавигдлаа гэх шүүмж яриа, хэвлэлээр яваад байна лээ. Сонгогчидоосоо, татвар төлөгчдөөсөө хулгайлах замаар улс орон удирдана, улс төр хийнэ гэж юу байхав дээ. Нам, улс төрчийн санхүүжилтийн нэг ийм авилгажсан, ашиг сонирхлыг зөрчлтэй хэлбэр Монголын ардчилалын хорт хавдар боллоо шүү.

-Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар зөвшилцөх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. УИХ-ын даргын зүгээс энэ саналыг хүлээж аваагүй. Ерөнхийлөгчийн гаргасан уг саналд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Эхлээд түрүүн хэлсэнчлэн Засгийн газар УИХ-ын гишүүдээ өөрийн мэдлийн сангуудаараа дамжуулж авлигаддаг юм бишүү гэсэн ойлголт олон нийтэд төрсөн. Ийм авлигажсан Засгийн газар, сайдууд байх нь зөв үү, тэдэнд хариуцлага тооцох ёстой гэх уур амьсгал нийгэмд тархаж эхэлтэл гэнэт Ерөнхийлөгч УИХ тар гэж хэлээд уур амьсгалыг Засгийн газараас холдуулж УИХ руу шилжүүлчихсэн. Үүнийг Ерөнхийлөгч Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэхийн тулд УИХ нийгмийн бухимдлыг чиглүүлчихлээ, У.Хүрэлсүх болон Х.Баттулга гэдэг хоёр хүн нэг нэгнийгээ хаацайлж, хамгаалах байдлаар хоршоод байна гэх хүмүүс ч байна. Нөгөө талаас, төрийн тэргүүн өөрөө хэлээгүй боловч эргэн тойрных нь хүмүүс ил цагаан, байнга давтамжтайгаар, далайцтай түгээж, зарим талаар шахаж, хүчлэж байгаа зүйл бол Ерөнхийлөгчийн засаглалаар Парламентын бүгд найрамдах улсынхаа зохион байгуулалтыг солих тухай яриа. УИХ-ыг тараах санаачилга нь, онц байдал зарлах санаархлаар өргөжөөд, Үндсэн хуулийн үйлчлэлийг бүрэн зогсоож хүсэлдээ хүрэх нэг алхам уу гэсэн хардалт байна. Монгол Улсыг нэг хүний гар дор захируулах тухай атгаг яриа олон ангит кино мэт үйл явдлаар үргэлжлэхгүй хэлчих зориг одоогоор Баттулгад алга. Уул нь мань хүн хоёр үзүүргүйгээр “Монгол улс парламентийн бүгд найрамдах хэлбэрээрээ цаашид оршино, манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа нь энэ, тиймээс би үүн дээр хатуу зогсоно. Харин парламентын ардчиллын нэр хүнд, парламентат ёсыг хамгаалахын тулд авилгажсан, хариуцлагаггүй, шударга бус, хулгайчдаа өмгөөлдөг, мөнгө хүүлэгч энэ УИХ-ыг тараах ёстой!” гэж хэлбэл Ерөнхийлөгчийг дөрвөн мөчөө өргөөд дэмжихэд бэлэн байна. Үнэндээ ийм олноороо, ийм увайгүйгээр улсаа тонож байгаа хулгайчдаас болж нөгөө талд нь бас адилхан асуудалтай нөхөр хаан болчих хүслээ гүйцэлдүүлчих гээд байгаад санаа зовж байна. 

-Таны хувьд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихгүй байгаа юм шиг анзаарагдсан. Дэмжихгүй байх шалтгаан нь юу вэ?

-Бид ойрхны буюу 150 жилийн түүхээ л эргэн харчих хэрэгтэй. Монгол Улсыг нэг толгойтой болгоод тэр нэг толгойг нь өөрийн дураар захирч, мэдэж яаж болдогыг харуулсан эмэгнэлтэй түүх. 1900-аад оны эхэнд өөрөө өөрсдийгөө мэдэх гэж оролдсон болгон нь амь насаа алдсан шүү дээ. Коминтерний нөлөөн дор тогтсон Монгол Улсаар яаж тоглосныг бүгдээрээ л мэдэж байгаа. Хэдэн ч удирдагчаа хойно аваачиж цаазлуулав. Тухайн удирдагч удаан оршин тогтнохын тулд гадны гар хөл болохоос өөр замгүй байсан. Өөрөөрөө байх гэсэн болгон нь өрөөлийн нутагт ясаа тавьсан даа. Хэрвээ бид тусгаар тогтнолынхоо хариуцлагыг нэг хүн, нэг институтэд үүрүүлэх юм бол ямар эмзэг байх нь вэ гэдгийг дээрх жишээ мэдрүүлж байгаа юм. Тэр өнгө одоо ч гэсэн өөрчлөгдөөгүй, болгоомжлох ёстой. 1992 оны Үндсэн хууль бичигчдийн хамгийн том болгоомжлол энэ л байсан. Гадны хүчтэй дарамт, шахалт, тусгаар тогтнолын хариуцлагаа нэг удирдагчид бус төрийн байгууламждаа тараан байршуулах тухай. Парламентийн бүгд найрамдах улсын зохион байгуулалт сонгосон гадаад шалтгаан энэ. Энэ сонголт одоо ч зөв гэдгийг олон судалгаа харуулдаг. Монголчууд бид хүсэхгүй байсан ч Ерөнхийлөгчийн тогтолцоог дарангуйлагч болгохыг гаднаас дор нь хийнэ. Дундад Азийн станууд шиг тоглоомын хаан дороо л гараад ирнэ. Тэгээд цаазлаад, цаазлаад явчих байлгүй. Нэг хүний тойрон хүрээлэгчид хуулийн дээр зогсоод тэдэнтэй зөрчилдсөн хүн бүхэн асуудалд унаад. Энэ нь бидний монголчуудыг, эрх чөлөөнд дуртай үндэсний хувьд нь маш аюултай зөрчилдөөнд хүргэх байх даа.

-Үндсэн хууль өөрчлөхөөр яригдаж байгаа. Үндсэн хуульд гар хүрэх зөв цаг нь мөн үү?

-Парламентын ардчилалаа сайжруулъя, хүчтэй Ерөнхий сайдтай болъё, парламент шүүх болон Засгийн газар хоорондын хяналт тэнцлийг бүрэн утгаар нь бүрдүүлэе, Засгийн газарт ажил хийх бололцоог бий болгоё гэж бодож байгаа бол Үндсэн хуулийг өөрчлөх л хэрэгтэй. Өнөөдөр Үндсэн хууль өөрчилж болохгүй гэх үг Монгол Улсыг дахиад 40 жил яг ийм хэрүүл дунд байлгах болно. Боломж байвал өөрчлөх л ёстой. Гэхдээ яаж гэдгээ л бодох нь чухал. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж УИХ-д байгаа. 64 суудалтай намд ийм өөрчлөлтийг хийх улс төрийн эрх мэдэл нь байна. Хүсэл зориг, зөв тийшээгээ явах алсын хараа нь байгаа юу гэдэгт л асуудал байгаа. Одоо харин хүлээн зөвшөөрөгдөх нэр хүнд нь үгүй болох шив.

-Та твиттертээ одоогийн төрийн тэргүүн өмнөх Ерөнхийлөгчийн зарчмаар яваад байна гэж жиргэсэн байсан. Энэ тухай тодруулаач?

-Манай улсад Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаараад уг институци дээр очсон хүн болгон ямар нэгэн байдлаар Ерөнхий сайдын ажлыг булааж, өмнөөс нь хийх гэж оролддог, Засгийн газарт өөрийнхөө тавиулуудыг чихдэг, гүйцэтгэх эрх мэдэл дотор өөрийн дураар тонгочидог, мөнгө санхүүрүү хуруу гараа гүн дүрдэг явдал жам юм шиг болчихоод байгаа. Бас өмнөх бүх Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ талд, эсвэл хоёр дахь бүрэн эрх рүүгээ орохоороо Ерөнхийлөгчийн засаглалтай болоё, би дахиад жаахан төрийн толгой дээр сууя гэх зүйлийг эргэн тойрныхоо хүмүүсээр яриулдаг. Харин энэ удаагийн Ерөнхийлөгч жил хүрэхгүй хугацааны дараа ярьж эхэлж байна. Өмнөх Ерөнхийлөгчидтэй адилхан зарчимтай байна гэдэг нь өөр дээрээ эрх мэдэл овоолох шуналтай байгаагаар нь хэлсэн байх. Бүгд л санаагаа гүйцэлдүүлэх зэвсэглэлээр сайн хөөцөлдөцгөөж байсан. Хүн айлгаж, ичээдэг, асуудлыг шийдэхийн тулд хүчирхийлдэг, хуулийн байгууллагын сүр хүчээр далайлгадаг зэвсэглэлийг өөртөө бүрэн авахын тулд хамаг байдгаараа үзэлцдэг байсан. Өмнөх Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын даргыг яаж сольсон, шүүх прокурорыг хэрхэн өөрчилсөн тэр арга замаар өнөөдрийнх нь явж байгаа харагдана.

Нэг сонирхолтой зүйл нь өмнөх Ерөнхийлөгч өөрийнхөө дараагийн Ерөнхийлөгчийг М.Энхболд болох байх гэж бодож, тооцон, олон зүйл түүнд нийцэлдүүлсэн л дээ. Тэр хүнд хэрэгтэй боловсон хүчний томилгоонуудыг нь хийж өгсөн. Гэхдээ сонгуулийн дүнгээр өөр хүн гарчихсан. Ардчиллын нэг давуу тал нь энэ. Ардчилалд цөөн хэдэн хувь хүмүүс тохиролцоогоор улс орны суурь асуудал шийдэгддэггүй. Иргэдийн сонголт том нөлөө үзүүлдэг. Тиймээс заримдаа ордны хувилдаан маягтай зүйлүүд иргэдийн сонголтод тас цохигдоно оо. Харамсалтай нь ардчиллын үр шимийг хүртчихээд ардчиллаа устгах гээд зүтгээд байдаг хүн манайд байна.

-Өнөөгийн улс төр цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Төрийн авлигын үүд болсон улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо, санхүүжилтэд эрс өөрчлөлт хийхгүй бол энэ намууд чинь улсаа цөлмөөд дуусах нь. Идэж ууснаа уудлалцсан маргаан нь илүү хурцдах байх. Тал талдаа бүлэг, хувь хүний эрх ашигаа хамгаалах гээд улс төрийн хурцадмал байдал үүсгэвэл түүнийг нь дөрөөлөөд өөр тийшээгээ алхаж байгаа хэсэгт олз л болох байх.

-Тэгвэл эрх баригчдын дотоод зодоон ямар үр дүнд аваачих вэ?

-Намуудыг, улс төрийг, нийгмийг хагалж хувааж байж, хуваагдсан талцал, зөрчил дундаас нь олз олдог арга барил сүүлийн 10-аад жил хүчтэй явж байна. Зарим талаараа Монголын улс төрд байгаагүй шинэ технологи гарч ирээд байна. Түрүүчийн парламентийн бүрэн эрхийн хугацаанд М.Энхболд гэдэг хүн Х.Баттулгаар дамжуулж Ардчилсан намыг хувааж тоглодог байв. Энэ хоёрын тэр түншлэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж, МАНАНгийн засаг байгуулахад хүргэж байв. Дараа дараагийн олон ч зүйл дээр иймэрхүү юм болж байсан. Сүүлд нь АН, МАН хоёрын дарга нарын хувилдаан сонгуулийн хуулиас пропорционал тогтолцоог Цэцээр хулгайлуулж, улс төрийн авлига, хулгайг цэцэглүүлдэг 76 тойрогтой УИХ-ыг үүтгэсэн дээ. Юм жамаараа л явж байна. Өнөөдөр Х.Баттулга У.Хүрэлсүхээр дамжуулж МАН-ыг хагалан тоглож, өнөөх 65 нь ээлжээр хулгай хийгээд л сууж байна.

-Засгийн газар огцорч магадгүй нөхцөлд байгаа. Засгийн газрын оршин тогтнох хугацаа одоо бүр нэг жил рүү орж ирж байна гэж халаглах хүмүүс байна л даа. Энэ тухайд?

-Олон нийтийн итгэлийг алдаад, авлигын асуудлуудаа шийдэж чадахгүй бол огцорхоос өөр аргагүй байлгүй дээ. Энэ улс оронд уул нь бодлого ярьж, зөв зарчим сануулж, ажил урагшлуулж, хөгжил авчирдаг нь олон байвал зүгээр сэн. Одоо ч хулгай ярихаас өөр сэдэвгүй болчихлоо доо.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.118.209)
    та зайлсан бай даа
    2018 оны 12 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Их Британийн хаан III Чарльз олон нийтийн үйл ажиллагаандаа эргэж орно 9 мин Зургаан нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өглөө 50 мин Австри Улс болон Улаанбаатар хот эрчим хүч, эрүүл мэнд, нийтийн тээврийн салбарт хамтарна 54 мин У.Хүрэлсүх: Хүүхэд залууст эх оронч үзэл олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ 1 цаг 49 мин Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр Оросыг дэмжиж, хүнсний хараат байдал руу түлхэж байна 2 цаг 7 мин Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? 2 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 2 цаг 35 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 15 цаг 5 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 15 цаг 10 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 16 цаг 53 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 17 цаг 7 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 18 цаг 12 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 18 цаг 59 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 19 цаг 17 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 21 цаг 22 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 23 цаг 6 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 23 цаг 33 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ Өчигдөр 10 цаг 11 мин Эрх чөлөөний үнэ цэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл Өчигдөр 09 цаг 44 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Эрх чөлөөний үнэ цэнэ Эдийн засагч Т.Дөлгөөн: Гурилын импортын татварыг тэглэснээр... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top