Б.Махбалын гэм буруугийн шүүх хурал 2019 оны нэгдүгээр сарын 18-нд анх товлогдсоноос хойш өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй бөгөөд нийт 11 удаа хойшилж байв.
Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж, 13 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр болсон. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм.
Түүнд нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан "Онц харгис хэрцгийгээр хүнийг алах" гэмт хэрэгт яллаж, шүүхэд шилжүүлсэн байдаг.
Хэргийн тухай эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүн амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал ажлын байрандаа архидан согтуурч тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоосон.



