Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийв. Энэ үеэр гадаад улсаас иргэдээ хэрхэн татан авах талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллэв.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Гадаад улсаас үе шаттайгаар иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна. Ойрын хугацаанд Турк, Энэтхэг улсаас иргэдээ татан авах чиглэлийг УОК-оос өгсөн.
Үүний дагуу маргааш Туркийн Истанбул руу тусгай үүргийн нислэг хийж, 170 орчим монгол иргэнийг татан авах ажиллагааг зохион байгуулна. Онгоц тавдугаар сарын 14-нд Монголд газардана. Мөн ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийг татах авах төлөвлөгөөг боловсруулж, эхний ээлжид Улаан-Үд хотоос 202 иргэнийг 14-нд, Эрхүүгээс 200 орчим иргэнийг 15-нд татан авахаар төлөвлөөд байна. Зөвхөн бүртгүүлсэн иргэд Алтанбулаг боомтоор орж ирэх боломжтой.
Коронавирусийн шинжилгээнд хамрагдах гээд өмнө нь тавьж байсан шаардлагууд хэвээрээ байна. Цаашид ОХУ-ын бусад хот, нутаг дэвсгэрээс иргэдээ татах төлөвлөгөөг ойрын хугацаанд танилцуулна.
Түүнчлэн Энэтхэг улс руу тавдугаар сарын 18-нд тусгай үүргийн нислэг үйлдэгдэхээр төлөвлөгдөж байна. Элчин сайдын яам ирэх хүсэлтэй иргэдийн нэрийг баталгаажуулж байгаа. Зай хол учир тавдугаар сарын 19-нд Улаанбаатарт ирэх байх гэж төлөвлөж байна" гэв.



