Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороогийн нөхрийн шүүх шинжилгээний хариу гарчээ.
Тодруулбал, шүүх шинжилгээний дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон байна. Харин түүний цусан дахь 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш 19 хоног өмхийрч муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж шинжилгээгээр гарсан байна.
Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад иргэн Б.Болороогийн нөхөр Б нь буруугүй түүний ажиллаж байсан компанийн буруу гэж гарсан талаар тэрээр өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Б.Болороо "Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсэн. Гэхдээ өөрийн сайндаа биш та бүхний дэмжлэгээр. Бие нь энэ орчлонд байхгүй боллоо ч үр нь үлдсэн хорвоод нэр нь цэвэр яваг ээ" хэмээн бичжээ.
Эргэн сануулахад, Б.Болороогийн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн зургадугаар сард гарсан юм. Зургаадугаар сарын 20-нд түүний нөхөр Б ажил руугаа яваад эргэж ирээгүй юм. 18-19 хоногийн турш эрэл, хайгуул болсны эцэст нөхөр нь ажил дээрээ, лифт засах гэж байгаад унаж амиа алдсаныг мэдсэн.
Гэвч задлан шинжилгээгээр Б.Болороогийн нөхрийг их хэмжээний архи хэтрүүлэн хэрэглэж, улмаар лифт рүү хөл алдаж амь насаа алдсан гэсэн дүгнэлт гарсан аж. Уг дүгнэлттэй тэрбээр санал нийлэхгүй энэ хэрэгт компанийнхан нөлөөлсөн гэж үзэж, үнэнийг тогтоолгохын төлөө тууштай тэмцэнэ хэмээн мэдэгдсэн юм.



