Эмийн сангийн гаднах талбайд тоглож байсан 10 настай хүү шатны төмөр бариулаас барьснаас болж тогонд цохиулан харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн онд гарч байсан. Тухайн эмийн сангийн гаднах талбайд цахилгааны утас ил байсан нь хүүгийн амиа алдах шалтгаан болж байсан билээ.
Уг хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хурал удаа дараа хойшилж байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногт шүүх хурал болж хариуцагч талд ял оноож хэрэг эцэслэн шийдэгджээ.
Тодруулбал, Давж заалдах шатны шүүхээс эмийн санг түрээслэгч Г.Ганпүрэвт 1.3 жилийн хугацаагаар хорих ял оноосон бол тухайн барилгын эзэн гэгдэх Дэлгэр тур ХХК-ийн захирал С.Энхжаргалд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноолоо. Тэдэнд шүүхээс бага насны хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн, хөдөлмөр аюулгүй байдлыг мэдсээр байж хангаагүй гэх хэргээр ийнхүү ял оноожээ.
Мөн талийгаач хүүгийн оршуулгын зардалд болох 50 сая төгрөгийг хувааж төлөх шийдвэрийг гаргасан байна.



