ЭМЯ-наас хийдэг ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тус лабораторийн шинжилгээний хариуг танилцууллаа.
Д.Нямхүү:
-"Өчигдрийн байдлаар 66 хүнд Covid-19-ийн шинжилгээ хийлээ.
-Тандалтын зорилгоор цуглуулсан 18 ийлдсийн шинжилгээнд коронавирус илрээгүй.
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан дөрвөн хүний болон ажиглах байруудад тусгаарлагдсан 22 хүний давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
-Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй байна.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гараад дараагийн шатны хяналт руу шилжлээ. Энэ хүн ХӨСҮТ-д 48 хоног эмчлүүлсэн. Хяналтын үед түүнээс давтан шинжилгээг авна.
Өвчилсөн хүмүүсийн хоёр нь хүүхэд байсан, эдгэрч гарсан. Ихэнх нь залуухан оюутан байгаа. Мөн 64 настай нэг иргэн бий. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байна. Жирэмсэн, хорт хавдартай, уушгины хатгаатай зэрэг давхар оноштой хүмүүс халдвар авсан байгаа. Бид эмчилгээ, оношилгоонд анхааран ажиллаж байна" гэв.
Халдвар авсан өвчтөнүүд дунджаар 14-56 хоног хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Сүүлийн 40 хоногт гурван сая хүн шинээр өвчилжээ
Covid-19 дэлхийн 215 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, одоогоор дөрвөн сая хүн өвчлөөд байна. Гуравдугаар сард нэг сая хүн өвдсөн байсан бол сүүлийн 40 хоногт гурван сая хүн шинээр өвчилжээ.
Манай улсад батлагдсан 42 тохиолдол бүртгэгдсэнээс 13 хүн эмчлэгдэн гарч, 29 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж, нийт 989 хүн ажиглалтад байна.
Мөн 15 чиглэлийн галт тэргэнд 11 эмч ажиллаж, 304,280 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн. 24 цагаар ажиллаж буй 119 дугаарт 162 дуудлага ирсний гурав нь гадаад улсаас ирсэн гэх мэдээллийг ЭМЯ-наас өглөө.



