“Цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт хийх зорилгоор өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 08:00-18:00 цагийн хооронд ХӨЛ ХОРИО тогтоолоо.
Тус дүүрэгт хөл хорио тогтоож цэргийн техник оруулж ирэн, албан хаагчид дадлага сургуулилалт хийх юм.
Хөл хориог Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт тогтоох юм байна.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд дүүргийн Онцгой комиссын дарга Н.Батсүмбэрэл “Тавдугаар сарын 7-нд өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хатуу хөл хорио тогтооно. Энэ үеэр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахгүй. Энэ шийдвэр бол Улсын онцгой комиссын шийдвэр.
63.9 км хил дотор 150 гаруй мянган хүнийг хөл хорио тогтоож байгаа боловч ард нь 1 сая 500 мянган хүн амтай Улаанбаатар хот, гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын аюулгүй байдлыг бодит байдал дээр шалгаж, дадлага сургуулилт хийх гэж байна.
Сүүлийн долоо хоногт 2000 гаруй төрийн албан хаагч бэлтгэл ханган ажиллалаа. Дүүргийн иргэд нэг өдрийг хөл хорионы дэглэмд амгалан тайван өнжихийг хүсэж байна. Цагдаагийн байгууллага хэв журам тогтооно. Хөл хорионы хүрээнд цэргийн техник, албан хаагчид дадлага сургуулилт хийнэ” хэмээжээ.
Тус сургуулилтын үеэр гарсан бүх хүндрэл бэрхшээлийг тэмдэглэж, Шуурхай штабт мэдээлэх юм байна.




