Өнгөрөгч пүрэв гаригт буюу 30-ны өдөр хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газрууд, баар, ресторан, караоке, бусад үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг сунгаж, 07.00-00.00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргав.
Хоёр хоногийн дараа хүн хамгийн ихээр цуглардаг “Lux”, “Zu” бааруудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Мөн 31 ААН-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна. Шалтгаан нь хотын даргын гаргасан захирамжийг зөрчсөн буюу цаг хэтрүүлсэн, ариутгал халдваргүйтлийн дэглэм бариагүй буюу маск зүүж, 2 метрийн зай бариагүй.
Ингээд ААН-үүдийг "үйл ажиллагааг дэмжих” гэсэн хотын даргын санаачлага эсрэгээрээ "татаж унагах" хэмжээнд хүрэв. “Хотын даргын баар өрсөлдөгчгүй боллоо” гэлцэж байна. Зорилго нь өөр байсан ч байж магадгүй.
Баар, караокег нээх шийдвэр гаргасан шалтгааныг Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан “Нийслэлийн эдийн засгийг эрчимжүүлэх, 45 мянган ажлын байрыг хадгалж үлдэх зорилгоор энэ ажлыг явуулсан” хэмээн тайлбарласан. Гэсэн ч нэлээд хэсэг нь ажлын байраа бүрмөсөн алдахад хүрч байгаа бололтой. Иргэдийн олонхи нь үүнийг “хорлон сүйтгэх ажиллагаа” гэж үзэж байна. Төрийнхний тэнэглэл, тооцоо судалгаагүй шийдвэрээс болж хэдэн арван хүн бүрмөсөн ажилгүй болж, гудамжинд гарч байгаа хэрэг. Татварыг нь авахыг бодсоноос биш, тэнд ажиллах, үйлчлүүлэх хүмүүсийн нөхцөл байдлыг бодсонгүй. Аль алиныг нь буруутгах арга ч байхгүй. Анхнаасаа энэ шийдвэр зөв байсан уу? гэдэг л харин асуудал.
УОК-оос улс орон даяар хорио цээрийг дэглэм тогтоосон. Дэглэм зөрчсөн иргэд, ААН-үүд хуулийн хариуцлагатай шүү гэж өдөр тутам анхааруулж сануулж байгаа. Хурал, цуглаан, сургалт семинарын үед нэг дор 10-аас илүү хүн цуглахгүй байх, өөр хоорондоо 1,5-2 метрийн зай барих анхааруулга өгч, сургууль, боловсролын байгууллагуудаа бүгдийг нь хаачихаад байхад шөнийн клубуудын хаалгыг нээнэ гэдэг нь угаасаа хэрээс хэтэрсэн хэрэг байв. Амны хаалттай сууж, 2 метрийн зай барихын тулд залуус тийшээ зүглэхгүй нь тодорхой. "Заалны дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлж болохгүй" гэсэн нь зүгээр ёс төдий шаардлага болж байгаа юм. Далимд нь хэдэн ААН-ийнхээ л амыг нь барих шив дээ.
Ер нь бол нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн дийлэнх нь үйлчилгээний байгууллагууд, тэндээс цөм орлогоо олдог гэдэг нь ойлгомжтой. Тэр орлого байхгүй болчихвол нийслэлийн төсөв ч хүндэрнэ. Тэглээ гээд нэгдүгээрт аж ахуйн нэгжүүдээ ингэж шийтгээд, хоёрдугаарт иргэдийнхээ эрүүл мэндийг ч эрсдэлд оруулаад байж болохгүй л дээ.
Ядаж л үйлчилгээнийх нь чиглэлийг өөрчилж, ажиллах цагийг нь багасгаж, үйлчилж байгаа ундааных нь градусыг багасгаж болно шүү дээ. Хэрвээ тэр хүмүүсээ ажилтай, орлоготой байлгая гэвэл. Ямар ч байсан улс даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчөөд, хувь хувиараа шийдвэр гаргаад явж болохгүй байх.
Хэрвээ үүнээс үүдээд нөхцөл байдал хүндэрвэл хариуцлагыг иргэд хүлээх үү, шийдвэр гаргагч нар хүлээх үү? Амны хаалт зүүсэнгүй гээд иргэнд хариуцлага тооцдог байж ажлаа зохион байгуулж чадаагүй албан тушаалтныг бас яах вэ?
Б.ЗАЯА




Сэтгэгдэл (1)