Улсын онцгой комисст цугласан нийт хандив 3.7 тэрбум төгрөг болсон тухай Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэв.
Цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд тэмцэж буй мэргэжилтэн, алба хаагчдаа дэмжихээр иргэд, ААН-үүд хандивын аян өрнүүлээд багагүй хугацааг үджээ.
Үүнд уран бүтээлчид, бөхчүүд, уул уурхайн салбарынхан, алдарт эхчүүд гээд найман настай балчраас 80 настай буурай хүртэл өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.
Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд хандивын аянд идэвхтэй оролцсоор байна.
Францын “Орона Майнинг” компанийн зүгээс тус улсын иргэнд эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг дээд зэргээр үзүүлж байгаад талархал илэрхийлэн, өнгөрөгч сарын 19-нд УОК-т нэг тэрбум төгрөг хандивлаж байсан юм.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид нэг өдрийн цалингаа цуглуулсан 150 сая төгрөгийг УОК-т хандивласан билээ.



