Улсын онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны өглөөний 06:00 цагт хүртэл Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаасан байсан билээ.

Тэгвэл өнөөдөр орох гарах хөдөлгөөнийг нээх эсэх талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол улсад орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор УОК-оос зам хаах шийдвэрийг гаргасан. Жолоочийн ойрын хавьтал болсон 49 хүн ХӨСҮТ-д 21 хоногийн хугацаатай тусгаарлалтад байгаа. Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн онцгой комисс, ЭМЯ, УОК-ын шуурхай штаб хуралдаж маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цагаас Улаанбаатарын орох, гарах хөдөлгөөн, Сэлэнгэ аймгийн орох, гарах хөдөлгөөн, Дархан-Уул аймгийн орох гарах хөдөлгөөнийг нээх шийдвэр гаргалаа.
Зам хаах шийдвэрийг хүлээн авч цагдаагийн байгууллагын шаардлагыг биелүүлсэн иргэддээ талархаж байна" гэлээ.



