Өнөөдөр Шуурхай штабаас Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгийг энэ сарын 30-нд үйлдэх шийдвэр гарсан талаар мэдээллээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: “Тусгай нислэгээр зөвхөн транзит нислэг үйлдэж байгаа буюу бусад орноос БНСУ-аар дамжин эх орондоо ирж байгаа иргэдийг авна. Харин ирэх сарын 1-нд Сөүл, 2-нд Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэж, БНСУ, ХБНГУ-д амьдарч буй иргэдээ авна. Тусгай нислэгээр ирэх иргэдийн нэрсийн жагсаалтыг өнөөдөрт багтаан гаргахаар төлөвлөж байна” гэв.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: "Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтийг нийт 9000 гаруй иргэн гаргасан. АНУ, Австралиас 3000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Бусад иргэдийг үе шаттай авахаар төлөвлөж байгаа. Одоогоор дараагийн нислэгүүдийн тов тодорхой болоогүй" гэв.
Гадаадаас эх орондоо ирэх өргөдлийг УОК-т бус зөвхөн Шуурхай штабт илгээх бөгөөд Шуурхай штаб хүлээн авсан өргөдөлдөө дүн шинжилгээ хийнэ. Уг ажлыг цагдаа, тагнуулын байгууллагын хяналт дор явуулж байгаа аж.
Гадаад улсаас иргэдээ авах тусгай үүргийн нислэг:
- Дөрөддүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл,
- Тавдугаар сарын 1-нд БНСУ-ын Сөүл,
- Тавдугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос тусгай нислэгээр иргэдээ татан авна.
Тусгай нислэгээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан УОК-т энэ сарын 21-нийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9412 өргөдөл, хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, холбогдох нотлох баримтыг хариуцаж буй ЭСЯ-даар дамжуулан хүлээн авч УОК-ын Шуурхай штаб шийдвэрлэнэ.
Зорчигчдын бүртгэлд УОК-оос тавьж буй дараах шаардлагыг баримтална.
Үүнд:
- Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан);
- Жирэмсэн;
- Бага насны /14 хүртэлх настай/ хүүхэдтэй гэр бүл;
- Хөгжлийн бэрхшээлтэй;
- Өндөр настан /60-аас дээш настай/ иргэдийг нэн түрүүнд хамруулна.
Бүртгэл нь баталгаажсан талаарх мэдээллийг ЭСЯ-аар нь дамжуулан тухайн иргэнд хүргэх бөгөөд Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу нутаг буцах иргэд сүүлийн 48 цагийн дотор коронавирусний шинжилгээ заавал хийлгэсэн байна.



