Европын холбооны улсаас ОХУ-ыг дамжин Алтанбулаг авто замын боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос КОВИД-19 халдвар илэрсэнтэй холбогдуулан өчигдөр орой УОК хуралдаж, 2020.04.21-ний оройн 21.00 цагаас эхлэн Улаанбаатар хотоос орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байна. УОК-ийн энэ шийдвэрийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт мөн мөрдөж, хөдөлгөөнийг ирэх бямба гариг буюу дөрөвдүгээр сарын 25-ны 06.00 хүртэл тав хоногийн хугацаатай хаагаад байна.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр Сэлэнгэ, Дархан-Уулаас бусад аймгаас ирэх тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхгүй. Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай, Өлзийт, Баруунтуруун, Эмээлт, Гүнтийн товчоод болон 361-ийн гарам дээр орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлажээ.
Урд шөнө 01.00 цаг хүртэл тээврийн хэрэгслийг асуумж авч нэвтрүүлсэн бөгөөд энэ цагаас хойш нийслэл хот руу тээврийн хэрэгслийг нэвтрүүлээгүй байна.
Мөн ард иргэд коронавирусийн халдвараас өөрсдийгөө хамгаалж, орон гэртээ оршин суугаа газраа хязгаарлалтын дэглэм барихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.



