Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжил мэдээллээ хийлээ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан: Гамшгаас хамгаалах тухай хууль хэрэгжиж байгаа үед иргэний хүлээх үүрэг тодорхой байгаа. Уг хуулийн 37.2-д Гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий албан байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг дагаж биелүүлэх тухай заасан байдаг. Тиймээс шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн хуульд зааснаар иргэнийг 150000 төгрөгөөр торгох зохицуулалттай. Торгуулийн арга хэмжээг цагдаа, олон нийтийн цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын албан тушаалтнууд авах эрхтэй юм.
Өнөөдөр тусгаарлалтын байрнаас гарч байгаа иргэдийг шилжүүлэх журам нарийвчлагдан гарна. Тухайлбал, тусгаарлах байрнаас монгол гэрт очвол өөрийгөө яаж тусгаарлах вэ, нэг өрөө байранд очвол яах вэ гэх мэтчилэн мэргэжлийн хяналт, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллага хамтран гаргаж байгаа.
Тусгаарлалтын байрнаас гарсан 13 иргэн эрэн сурвалжлагдаж байна хэмээн хэвлэлээр мэдээлж байгаа нь үндэслэлгүй мэдээлэл. Бүх иргэдийн бүртгэл байгаа. Харин Баян-Өлгий аймагт хоёр, Завханд нэг, Улаанбаатарт хоёр иргэн бичсэн хаягаасаа өөр газар очсон тохиолдол гарсан.
Тиймээс бид цаашид тусгаарлалтаас гарахаас 2 хоногийн өмнө хаягийн бүртгэлийг аваад хаягаар нь очиж тодруулга хийх ба 48 цагийн өмнө аймаг, орон нутгийн Онцгой комисст нь нэрсийг урьдчилан явуулах замаар хянан ажиллана.
Одоогоор тусгаарлалтаас гарсан иргэдийн дэглэм, хяналт сайн байгаа. Үүнд иргэдийн оролцоо ч мөн чухал юм" гэлээ.
Тэрээр үргэлжлүүлэн Замын-Үүдэд нэг иргэн тусгаарлагдаж байхдаа оргосон талаар мэдээллийн талаар "Тэр иргэн 14 хоног Хятадад тусгаарлалтад байж байгаад Замын-Үүдэд ирээд 14 хоногийн хязгаарлалтад байж байхдаа тийм зөрчил гаргасан. Тэр иргэнийг буцаад байдаг газар нь аваачсан" гэв.



