Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Комиссийн дарга эрүүл мэндийн шалтгааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тул тэтгэвэртээ суух хүсэлтэй гэдгээ дурдсан байна. Ж.Бямбадорж нь одоо 68 настай юм байна.
Харин эх сурвалжууд УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ийн даргыг "ажилдаа хариуцлагагүй хандсан" шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан тухай хэлсэн байна. Энэ нь хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр цацагдсан "Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа, ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж нарын утасны яриатай холбоотой бололтой.
Уг ярианд ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж нь Г.Загдаагийн асрамжинд байдаг иргэдийн тухай "Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцах хэрэгтэй" гэсэн нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа. Мөн ХЭҮК-ийн дарга өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бид хоёр 40 гаруй минут ярьсан, маргасан. Сүүлдээ тэвчээр барагдаад хэлсэн үгийг минь тасдаж аваад цацсан. Г.Загдаа энэ бичлэгээр намайг жил гаруй дарамталж байна. Би түүний дарамтанд орж ажлаа явуулахгүй" хэмээн ярьсан билээ.



