Улсын онцгой комиссын 16 дугаар хуралдаанаас “Маскаа зүүцгээе” аяныг улсын хэмжээнд зохион байгуулах есдүгээр тогтоол гарсан.
Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд "КОВИД-19" халдварын болзошгүй аюулаас сэргийлэх хандлага, сэрэмж суларч байгаатай холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг чангатгах зорилгоор “Маскаа зүүцгээе” аяныг улс орон даяар дөрөвдүгээр сарын 12-ноос ирэх сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулна. Уг ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар нарт даалгасан юм.
Үүнтэй холбогдуулан нийтийн тээврээр зорчихдоо маск зүүгээгүй бол үйлчлэхгүй аж. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Авто тээврийн үндэсний төвөөс амны хаалтаа зүүж, хэвшүүлэх тал дээр хотын доторх автобусанд шугамын шалгалт хийж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Мөн эрсдэлтэй цаг үед та орон нутагт зорчихдоо ч амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаарай. 



