УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох албаны хүмүүс цар тахлын үед онцгой горимоор ажиллаж байгаа УИХ-ын гаргасан шийдвэрүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай багц хуулийг гурван хоногийн дотор хэлэлцэн баталлаа. Цар тахал гарснаас хойш гурван сарын хугацаанд байнгын хороодын дарга нараар ахлуулсан ажлын хэсгүүд ажиллаж байгаа. УИХ онцгой горимоор ажиллаж байна. Цахим хуралдааны орчин бүрдүүлэх, онцгой нөхцөлд хялбаршуулсан журмаар шуурхай хуралдах дэгийг мөн баталлаа.
УИХ, Засгийн газрын тухай хуулиуд бэлэн болчихсон. Бид саран дээр амьдарч, сансарт зорчоогүй, дэлхий дээр байна. Дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Жишээ нь, ноолуурын үнийг барьж тогтоох аргагүйгээр өдөр өдрөөр хямарч өөрчлөгдөж байна. Зах зээлийн төлөв байдал байнга өөрчлөгдөж байна. Түлш, шатахууны үнэ хямд байгаа энэ үед хямд нефть импортлох гэрээ амжилттай хэлэлцэгдэж байна. Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа.
Шатахууны үнийг тогтвортой байлгах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 11-нээс шатахууны үнийг 300 төгрөгөөр хямдруулхаар боллоо.
Мөн банкны өөрийн хөрөнгийн 500 хүртэл сая төгрөгийн зээлийн хүүд гурван сарын хугацаанд тодорхой хөнгөлөлт үзүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхэлнэ.
Ипотекийн зээлийг дэмжих чиглэлээр эмч, эмнэлгийн ажилтан, цагдаагийн ажилтнуудыг тусгай нөхцлөөр энэ төрлийн зээлд хамруулна. Ингэснээр 100 мянган ажлын байрыг Улаанбаатар хотод хадгална гэж үзэж байна" гэв.



