Сингапур улсын “Темасек” олон улсын сангаас Монгол улсад "COVID-19"-ийн 3000 ширхэг багц оношлуур хандивлажээ. Тус улсын Эрүүл мэндийн шинжлэх ухааны газраас хүлээн зөвшөөрсөн Fortitude 2.0 оношлуур шинжилгээг богино хугацаанд хийдгээрээ давуу талтай аж.
Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний тархалт дэлхий дахинаа хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй өнөө үед энэхүү халдварт өвчнийг түргэн шуурхай, найдвартай оношлох нь улс бүрийн хувьд чухал асуудал юм.
Иймд Сингапур улсын судалгаа, шинжилгээний А*СТАР агентлагийн шинжээчид Fortitude 2.0 багц оношлуурыг зохион бүтээж, тус улсын эмнэлэгүүдэд ашиглаж байна.
Fortitude 2.0 багц оношлуурт сорьцыг хийх урьдчилан бэлтгэсэн тусгай урвалж бүхий хуруу шил болон сорьц авах бусад багажаас бүрдэнэ. Хуруу шилийг зориулалтын төхөөрөмжид байршуулснаар тестийн хариуг гаргадаг байна.
Сингапур улсын ийнхүү хандив нь Монгол улсын COVID-19 халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт ач холбогдолтой хэмээн Эрүүл мэндийн яамнаас сайшаан тэмдэглэв. Дашрамд дурдахад, энэ онд Монгол улс, Бүгд Найрамдах Сингапур улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа юм.




