Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат иргэдэд цэвэрлэх байгууламжын бохироос шинжилгээ авч буй талаар өглөө.
Шинэ төрлийн коронавируст халдвар нь цэвэрлэх байгууламжаар дамжин халдварлах магадлалтай гэж олон улсын эрдэмтэд үзсэн байгаа. Үүнээс улбаалан Төв цэвэрлэх байгууламжийн бохирын ус нийлүүлдэг Туул голын 8 цэгээс дээж авч хими, нян судлал, хүнд металлын лабораторид шинжлүүлжээ.
Г.Сугарбат "Улс даяар төв цэвэрлэх байгууламж, ХӨСҮТ, томоохон эмнэлгүүдийн бохирын усанд хяналт, шинжилгээ хийж байна. Өнгөрсөн долоо хоногт 190 сая шоо метр талбайд ариутгал хийсэн. Цаашид үргэлжлүүлэн халдваргүйжүүлнэ. Энэ ажилд ААН-үүдийн дэмжлэг хэрэгтэй байна" гэлээ.
Мөн иргэд амралтын өдрүүдэд Богд уул болон Туул гол дээр олноор цугларч байна. Энэ нь нэг талаар өөрсдийн эрүүл мэнддээ анхаарч байгаа боловч эрсдэл дагуулж байгаа учир иргэн бүр сахилга баттай байж, амны хаалт зүүж, онцын шаардлагагүй бол гадагш гарахгүй байх, хүүхдүүдээ гудамж талбайд тоглуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас сануулав.



