Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан монгол иргэдийн талаарх мэдээллийг ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг өгөв.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсаас 6,313 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан.
Үүнд эрүүл мэндийн шалтгаантай 84, ахмад настан 271, жирэмсэн 32, орон байргүй болж байгаа гэх шалтгаантай 378, оюутан 811, санхүүгийн нөхцөл нь хүндэрсэн 4000 орчим иргэн хүсэлт гаргаад байна.
Дөрөвдүгээр сарын 3-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор гадаадын дөрвөн иргэн ирсэн бөгөөд Япон улсын 2 иргэн, монгол аав ээжтэй Испани болон АНУ-ын иргэншилтэй хоёр хүүхэд ирсэн.
Тодруулбал, Японы хоёр иргэний нэг нь монгол иргэнтэй гэр бүл болсон хүн. Харин нөгөө нь нялх хүүхэд бөгөөд ээжээс нь салгаж болохгүй тул хамтад нь авчирсан" гэлээ.



