Олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай ирэх сарын 15-нд ашиглалтад орохоор болжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулж байгаа билээ.
Хотын дарга С.Амарсайхан өчигдөр хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажлын явцтай танилцжээ.
Уг талбайн газрыг 2019 онд эзэмших эрхийг хүчингүй болгож, нийтийн эзэмшилд авсан бөгөөд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгдэж байна.
Мөн үзэгчдийн суудал, сүүдрэвч, төвлөрсөн бие засах газартай байх аж.
Одоогийн байдлаар тохижилтын ажил 70 орчим хувьтай байгаа бөгөөд тавдугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.



