Өнгөрсөн оны Долдугаар сарын 03-ны өдрийн Засний газрын 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан билээ.
Музейн барилгын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх арга хэмжээ өнөөдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Өнөөдөр монгол түмний хувьд түүхэн өдөр тохиож байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хаврын тэргүүн сарын шинийн 17-нд ийнхүү эхлүүлж байна. Энд монголын түүхийн судалгаа сургалт, соён гэгээрлийн цогцолбор байх болно. Мөн соёлын хосгүй үнэт дурсгал, дэлхий даяар тархсан монголчуудын түүхийн их өвийг дэлгэх юм. Энэ нь эх түүхээ, эх соёлоо дээдлэх, хайрлах үзлийг түгээх, төлөвшүүлэх ач холбогдолтой” гэлээ.
“Чингис хаан” музейн Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтөний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол Улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах аж.
Музейн сан хөмрөг Монгол нутгаас олдсон археологийн дурсгалууд, дэлхийн музейдын сан хөмрөгт хадгалагдаж буй өв, үзмэр, эд өлгийн зүйлийн хуулбар, уран дархан, урчуудын уран бүтээлүүдээс бүрдэх юм байна.

Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт есөн давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан судалгаа, сургалт, танин мэдэхүй, соён гэгээрлийн цогцолбор болох аж. Уг музейг 2021 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолын үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ, Засгийн газрын гишүүд, Хотын дарга С.Амарсайхан болон Төр, нийгэм, урлаг соёлын зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцлоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



