Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад гацаад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр Токио, Сөүл хот руу нислэг үйлдэнэ.
Токио-Улаанбаатар чиглэлийн нислэг 13.00 цагт хөөрч, орон нутгийн цагаар 19.00 цагт Токиод газардана. Тус нислэгээр 255 хүн ирэхээр суудлаа баталгаажуулсан бөгөөд маргааш 13.05 цагт Улаанбаатарт ирнэ.
Харин БНСУ-Улаанбаатар чиглэлийн нислэг өнөөдөр 08.40 цагт Улаанбаатараас хөөрч, Сөүл хотод 12.50 цагт газардана. Мөн өдрийнхөө 17.00 цагт Улаанбаатарт буцаж ирнэ. БНСУ-ын Сөүл хотоос 251 иргэн ирэхээр суудлаа баталгаажуулжээ. Тэдгээр иргэдийг ирсэн даруй холбогдох журмын дагуу 21 хоног тусгаарлах юм.
Манай улс гадаад улсаас тусгай үүргийн онгоцоор 1075 иргэнээ татаж аваад байна. Тэднээс халдварын шинж тэмдэг илрээгүй 616 иргэн тусгаарлалтаас гарч гэрийн хяналтад ороод байна.



