Хот тохижилтийн газар, Газар зохион байгуулалтын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах талаар мэдээлэл хийлээ.
Сүхбаатарын талбайн урд хэсэг буюу 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн жишигт нийцсэн 85 метрийн урттай, 14 метрийн өндөртэй, хөгжмийн аялгуугаар оргилдаг усан оргилуур олон нийтийн зориулалтаар барихаар болжээ.
Талбайн хэсэгт задгай талбай, нийтийн бие засах газар зэргийг байгуулахаар график төлөвлөгөөг гаргасан байна.
Бүтээн байгуулалт, тохижуулалтын ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэх бөгөөд зургаадугаар сард багтаан ашиглалтад оруулах аж.
Сүхбаатарын талбайн урд хэсэг хувийн хэвшилд шилжсэн байсныг эргүүлэн нийтийн эзэмшил болгосон бөгөөд энэ байршилд ямар бүтээн байгуулалт хийх талаар иргэдээс ирсэн саналын дагуу цэцэрлэгт хүрээлэн барихаар шийдвэрлэжээ.
Дэд бүтцийн ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийх бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг 24 цагаар шахуу хийхээр төлөвлөжээ.
Уг ажилд 3.2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд маргаашнаас бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.
Тус ажилд тендер зарлалгүй Нийслэлийн Хот тохижилтийн газар шууд гэрээ байгуулан ажиллах юм.
Өмнө нь Хот тохижилтын газар Улсын Их дэлгүүрийн урд байрлах аялгуут усан оргилуурыг барьж байгуулж байсан туршлагатай аж.



