Нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсонтой холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд зургаан сарын хугацаа өнгөрч байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэл гуравдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болно гэдгийг өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Сайжруулсан шахмал түлшинд шилжсэнээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хувь хүртэл буурсан үзүүлэлт байгаа ч сүүлийн гурав хоногт 15 өрхийн 50 иргэн хөнгөн хэлбэрээр угаарын хордлогод орж, зөвлөгөө мэдээлэл авсан байна.
Урин дулааны цаг ирж байгаа хэдий ч хаврын улиралд галлагааны аюулгүй байдал, объектийн гал түймэртэй холбоотой угаарын хийн хордлого ихэсдэг тул албаныхны өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөв.
Мөн энд мэдээлэгдсэнээр Улаанбаатар хотын хэмжээнд үерийн усанд өртөх эрсдэл бүхий зөвшөөрөлгүй бүсэд суурьшсан 3,000 гаруй өрх байна. Олонхи нь хөдөө, орон нутгаас шилжин ирээд зөвшөөрөлгүй газарт буусан айл, өрхүүд.
Эдгээр өрхүүдийн хувьд үер усны аюулаас сэргийлэх, мөн хаврын хуурайшилт ой хээрийн түймрийн аюултай улирал эхэлж байгаатай холбоотойгоор Байгаль орчны тухай хуулиа дагаж мөрдөн ногоон бүсэд зорчихгүй байх, зорчсон тохиолдолд ой хээрийн түймрээс сэргийлж, галын аюулгүй байдлыг онцгой анхаарахыг санууллаа.



