Засгийн газрын өчигдөр болсон ээлжит бус хуралдаанаар Үндэсний хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг өрнүүлхээр боллоо. Өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл 14 хоног хийх тогтоол гаргасныг УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн юм.
Өчигдөр оройны байдлаар, ДЭМБ-ын гишүүн 195 орноос 188-д нь шинэ төрлийн коронавирусийн халдвар тархсан тархсан бөгөөд Франц улсад гэхэд л нэг шөнийн дотор 793 хүн тус халдварын улмаас амь насаа алдаад байна.
Эдгээр жишээнээс сургамж авах шаардлага бодитоор оршиж буйг УОК-ын дарга Ө.Энхтүвшин мэдээлэлдээ дурьдсан юм.
Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан улс орон даяар ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл 14 хоног зарлаж, нийслэл, орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тогтоолыг хүргүүлэхээр болжээ.
Монгол Улсын Засгийн газар хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалтыг улам чангатгах, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай авч байна гэсэн юм.
Мөн засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гадаадаас ажиллах хүч оруулж ирэх асуудлыг хойшлуулсан билээ.



