Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ШӨХТГ-ын дэд дарга С.Цогтгэрэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Тэрээр "Улс оронд бий болоод буй онцгой нөхцөл байдлын үед бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үнэд хяналт тавин ажиллаж байна. 115 тусгай утсанд Даваа гаригаас өнөөдрийг хүртэл хугацаанд 194 иргэнээс санал гомдол ирсний 134 нь худалдаан үйлчилгээний салбартай холбоотой байна.
Эдгээрийн дийлэнх нь борлуулж буй үнээ ил тавихгүй байгаа талаар мэдээлж байна. Гаргасан гомдол мэдээллийг дагуу аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийн, зөрчлийг арилгуулж байна.
Монгол Улсад гуравдугаар сарын 16-нд коронавирусийн халдвар нэмж бүртгэгдсэний дараагаар мах, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бий болгохгүйн тулд улсын байцаагч нар томоохон зах, худалдааны төвүүдэд хяналт тавьсан. Ингэснээр ямар нэгэн бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй.
Мөн ШӨХТГ-аас гар ариутгагч болон спиртийн нөөцийн талаар хяналт шалтгалт хийсэн. Гар ариутгагч зах зээлд хангалттай байна. Мөн спиртийн үйлдвэрүүд нөөц хангалттайг хэлж байгаа" гэлээ.



