Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Түргэвчилсэн оношлуур ашиглаж гадаадаас ирсэн иргэнээс коронавирусийн шинжилгээ авсан Шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарлаа. Энэ иргэн нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн. Бид Төв лабораторийн шинжилгээг хүлээлгүйгээр хүнээ яаралтай оношилж, илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашигласан. Төв лабораторид мөн шинжилгээ хийж байгаа. Үдээс хойш хариу нь гарна. Тэр үеэд албан ёсны хариу өгнө" гэлээ.
Гуравдугаар сарын 16-нд тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүйбайна. Мөн 17-нд ХӨСҮТ-д 1, Говь-Алтайд нэг, Сэлэнгэ аймагт хоёр нийт 4 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ тандалт судалгаа хийж байна. Тэдний сорьцыг эхнээсээ авчирч, лабораторид шилжүүлээд байна.
Монгол улсад бүртгэгдсэн анхны тохиолдол болох Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа бол Германаас ирсэн иргэний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хэвийн байгаа гэлээ.
Мөн тэрээр "Засгийн газраас хэрэгжүүлж буй иргэдээ гаднын улсаас авчрах ажил дээр бүх салбар уялдаа холбоо сайтай, дүрмийн дагуу сахилга баттай ажиллана.
Хамгийн гол нь иргэдээ эгзэгтэй тохиолдол гарсан улс орноос авчирч, эмчилж халдварыг тархаахгүй байх зорилго тавин ажиллаж байгааг минь дэмжиж, сэтгэл санааны хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Бид ирсэн хүмүүсээ эрэмбэлэн ангилалт хийж ХӨСҮТ-д болон өөр газруудаар хуваарилан байрлуулж байгаа. Бидний хувьд түргэвчилсэн оношлуур ашиглах нь маш чухал бөгөөд үүгээр өөр хэсэгт хуваарилагдсан хүмүүст ч шинжилгээ хийх төлөвлөгөөтэй байна" гэлээ.
Одоогийн байдлаар Монгол улсад коронавирусийн халдварын 6 тохиолдол бүртгэгдэж байна.



