Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 06:50 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрчээ.
Тус онгоц Истанбул хотноо Улаанбаатарын цагаар 15:20 цагт бууж, Улаанбаатар хот руу эндхийн цагаар 16:40 цагт хөөрөн Улаанбаатарт 01:00 цагт буух төлөвлөгөөтэй байгаа юм.
Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол улсаас эхлэлтэй олон улсын бүх нислэгийг түр зогсоосон.
Үүнтэй холбоотойгоор гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос БНСУ, Япон Улс болон Европын улсуудад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг Сөүл, Токио, Москва, Берлин, Истанбул хотоор дамжуулан татан авахаар шийдвэрлэсэн юм.
Өнөөдрийн нислэг нь дөрөв дэх удаагийнх бөгөөд өмнө нь Сөүл, Токио, Москва-Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр нийт 762 монгол иргэнээ авчраад байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин "Цаашид захиалгат нислэг үйлдэнэ. Гэхдээ дээрх дөрвөн нислэгээр ирсэн 1000 орчим иргэдийн 14 хоногийн тусгаарлалт дуусч, гэртээ харьсан үед нь. Харин эх орон руугаа ирэх хүсэлтэй хэчнээн иргэн байна. Тэр судалгааг нь гаргаж, эндээ бэлэн байдлыг хангана" хэмээн мэдэгдсэн юм гэж Монгол Улсын Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.



