Улсын онцгой комиссийн шийдвэрээр өнөөдөр өглөөний 07.00 цагаас нийслэлээс орох гарах, хот хөдөлгөөнийг нээсэн. Нийслэлийн товчоодоос өгч байгаа мэдээллээр өмнөх удаа буюу цагаан сарын дараа хөдөлгөөн нээх үетэй харьцуулахад хөдөлгөөний ачаалал харьцангуй бага байна. Мөн нийслэлээс орон нутгийг зорьж байгаа иргэдийн хөдөлгөөн харьцангуй их, харин орон нутгаас нийслэл рүү ирж байгаа хөдөлгөөн өмнөхтэй харьцуулахад багассан байна.
Товчоод дээр нийслэл рүү орж гарч байгаа иргэдээс асуумж авч, халууныг хэмжээд гаргаж байна. Асуумжид хаанаас хаашаа явж байгаа, тухайн орон нутагтаа хэр зэрэг удах, хэзээ эргэж ирэх болон зорчигчдын тоо, тээврийн хэрэгслийн дугаар гэх мэт мэдээллүүд багтаж байгаа юм байна.
Тухайлбал, Налайхын пост дээр Эрүүл мэндийн төвийн 8-12 албан хаагч, Онцгой байдлаас найм, цагдаагийн дөрөв, Мэргэжлийн хяналтын хоёр албан хаагч ажиллаж байна. Өмнөх удаа хөдөлгөөн нээсэнтэй харьцуулбал хөдөлгөөн бага, гарах чиглэл харьцангуй ачаалалтай, өмнөхөө бодвол их байна. Иргэд ч мөн өмнөх удаагийнхаа бодвол асуумж бөглөж сурч байна, постон дээр ажиллаж буй алба хаагчдын шаардлагыг биелүүлж байна гэв.



