Улсын онцгой комисс өнөөдөр 12.00 цагаас ээлжит мэдээллээ хийж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд болсон үйл явдлын мэдээллийг хүргэлээ.
Тухайлбал, гадаад ул орнуудад түр хугацаагаар зорчиж яваад хөл хорионд орсон манай улсын мянга гаруй иргэн хилийн чанадад байгаа юм байна. Тэдгээр иргэдийн хүсэлт гаргасны дагуу Сөүл, Токио, Москва, Берлин хотуудаар дамжуулан эх оронд нь авчирах ажиллагааг өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр өглөө МИАТ компанийн тусгай үүргийн хоёр онгоц, Сөүл, Берлиний чиглэлд нислэг хийсэн бөгөөд Сөүлээс өнөөдөр 16.05 цагт Чингис хаан нисэх буудалд буух юм байна.
Сөүлийн нислэгээр ирэх 249 иргэдээс эмнэлгийн заалттай 47 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусдыг нь Хан-Уул дүүрэгт байрлах Энхсаран сувилалд шууд хүргэх юм байна. Мөн энэ үеэр Чингис хаан нисэх буудлын зорчигчдыг угтах хэсэг ажиллахгүй, иргэдийг онгоц буух талбайгаас автобусанд суулган тусгаарлах байрууд руу хүргэх тул зорчигчдын ар гэрийнхэн угтан авахаар очихгүй байхыг анхаарууллаа. Зорчигчдын тээшийг 14 хоног хадгалж, ариутгал халдваргүйтгэлийг хийсний дараа эргүүлэн олгоно гэдгийг хэллээ.
Гадаад улсад түр хугацаагаар зорчсон иргэдээ татаж авах болсонтой холбоотойгоор УОК-ийн дарга Ө.Энхтүвшин тусгаарлах байруудын бэлэн байдалтай өчигдөр биечлэн танилцсан байна. Одоогийн байдлаар, Энхсаран сувилал, Амар зочид буудал, БХИС, ДХИС-ийн дотуур байрны бэлэн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгчээ.
Мэдээллийн төгсгөлд өнгөрөгч 10-ны өглөө 07.00 цагт тогтоосон хөл хорионы хугацаа маргааш өглөө 07.00 цагт дуусах тул маргаашнаас эхлэн хөдөлгөөний хэвийн үргэлжилнэ гэдгийг УОК-оос хэллээ.



