Монгол улсад коронавирусийн зөөвөрлөгдөн ирсэн. Халдвар илэрсэн Францын иргэнийг Дорноговь аймгаас ХӨСҮТ-д өчигдөр авчирч эмчилж байгаа.
Түүнтэй хамт онгоцоор ирсэн, галт тэргээр явсан, уулзсан, гар барьсан, хоол хүргэсэн, орчуулагч, жолооч гээд нэгдүгээр хавьтлын хүмүүсийг олж тогтоон 126 хүнийг тусгаарлаж шинжилгээ аваад байна.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "126 иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан" гэлээ.
Гэхдээ одоо давтан шинжилгээ авч баталгаажна гэдгийг тэрээр анхааруулав.
Давтан шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр "Эхний шинжилгээний дараа тэдгээр хүмүүсээс 7, 14, 21 хоногт нь давтан шинжилгээг авах бөгөөд эдгээр ажлууд заавар зөвлөмжийн дагуу үргэлжлээд явна" гэж хэлсэн юм.
Мөн нэг онгоцоор ирсэн ойрын хавьтлын гэж үзэж байсан Оюутолгой компанийн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарчээ.



