Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус халдвар таван оронд шинээр бүртгэгдсэн байна. АНУ-д өвчлөл өндөр тархалттай байна. Японд өчигдөрийн байдлаар 59 тохиолдол бүртгэгдэж бүх олон нийтийн арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан байна. Манай улс мөн бэлэн байдлаа хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байгаа.
Өчигдөр ДЭМБ-ийн удирдах зөвлөл хуралдаж COVID-19 нь цар тахлын хэмжээнд хүрэхэд маш ойрхон байгаа хэдий ч дэлхий хяналтандаа авч чадах цар тахал болох магадлалтай байна гэж мэдээлсэн.
Мөн "Хэн нэгнийгээ гадуурхахгүй, бүх шатандаа эрч хүчтэй, эв нэгдэлтэй байж гэмээн бид энэ цар тахлын ард гарна" гэж ДЭМБ-ын захирал хэлсэн гэв.
Хэвлэлийн хурлын үеэр "Мамба дацан" хийдийн Тэргүүн хамба Нацагдорж: "Энэ өвчний үед бид төр засагтайгаа хамтарч, Уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлэн Монголын уламжлалт анагаах ухааны тусламжийг авч хэрэгжүүлэх талаар заавар зөвлөгөө авч байна.
Уламжлалт анагаах ухааны чиглэлээр бид өмнө нь H1N1 вирусийн үед ХӨСҮТ-тэй хамтарч ажиллаж байсан. Өнөөдөр энэ хүнд нөхцөлд ч гэсэн хамтран ажиллах болно. Өвчин зовлон хэлж биш хийсэж ирдэг учир COVID-19 өвчин хаанаас ч, хэнээр дамжин халдах боломжтой.
Гэхдээ өвчилсөн хүнийг болон өвчнийг нь анагаах гэж буй хүмүүсийг хүндэлж, өөрсдийнхөө бие, хэл сэтгэлийг амар амгалан байлгах хэрэгтэй. Ялангуяа хаврын цаг ирж буй энэ үед бие, сэтгэл хямрахын хэрээр ердийн өвчин ч тусах магадлал өндөр байдаг. Тиймээс эрүүл мэндээ хамгаалахад тайван байдал маш тус дэмтэй.
Бие, сэтгэл хэдий чинээ амар амгалан байна, төдий чинээ сайн зүйл авчирдаг нь ертөнцийн жам. Тиймээс ухаант монголчууд минь хэл, сэтгэлээ ариун байлгаж, төр засагтайгаа хамтарч ажиллахыг хүсэж байна. Бидний эвтэй байх явдал олон хүнд тус болно" гэлээ.



