Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” өвчлөл Монгол улсад гадны улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлээс цаг үеийн мэдээ, мэдээлэл, бодлого шийдвэрийг иргэдэд хүргэх хэвлэлийн бага хурал зэргийг онлайнаар хүргэж эхэллээ.
Өнөөдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын үйлчилгээг хязгаарлах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Уг захирамжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж, хэрэгжүүлэх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээлэл хийв.
Тэрээр "Нийт 15 аж ахуй нэгж, байгууллага 13 мянга орчим тонн нөөцийн махыг хөдөө орон нутгаас бэлтгэн тээвэрлээд мэргэжлийн байгууллага шалган, стандартын шаардлага хангасныг баталсан. Нөөцийн махыг хөрөөдөх, савлах, уутлах ажил эрчимтэй явагдаж байна. Мөн хил хаасантай холбоотойгоор мах уутлах гялгар уут дутагдсан зүйл байгаа. Өнөөдөр 15.00 цагаас эхлэн 147 хорооны 279 дэлгүүрт нөөцийн махыг хүргэж, зарах ажлыг эхлүүлнэ. Нэг иргэнд гурван кг махыг зарж борлуулна" гэлээ.
Мөн коронавирусийн тархалтыг бууруулах зорилгоор тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллагаар дамжуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг өнөөдрөөс хийлгэх эхэллээ. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд бүх ажилтнуудаа амны хаалтаар хангах, ариутгал халдваргүйжүүлэлтийг өдөр бүр хийлгэхийг даалгасан. Хаагдсан, лацдуулсан аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд халдваргүйжүүлэлтийн ажлыг хийлгэж болох аж. Ариутгал хийлгэхэд 1 мкв тутамд 600 төгрөг байх юм.



