Улсын онцгой комиссын X дугаар хуралдаанаар Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар, Улаанбаатар-Нур-Султан-Улаанбаатарын хуваарьт нислэгийг энэ сарын 13-ны 06.30 цагаас 28-ныг дуустал зогсоохоор шийдвэрлэлээ.
Нислэг зогсоосон хугацаанд дээрх орнуудаас эх орондоо яаралтай ирэх шаардлагатай байгаа иргэдийг авахдаа УОК-ын шийдвэрээр МИАТ компанийн онгоц очиж авах аж.
Мөн хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын хилийн автозамын боомтоор орос руу зорчих Монголын иргэд, ОХУ-аас Монгол Улс руу зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 29 хүртэл, Мөн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатарын галт тэргийг энэ сарын 28-ныг хүртэл түр зогсоожээ.
Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан: “ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монголын иргэн, Монголоос ОХУ руу гарах хүсэлт тавьсан гадаадын иргэнийг зохион байгуулалтай, тусгай журмаар хил нэвтрүүлнэ. Монгол болон ОХУ-ын төмөр замын ажилтнуудыг хэвийн нэвтрүүлэх юм. Ингэснээр ачаа тээвэр хэвийн үйлчилнэ” гэлээ.
"COVID-19" халдвар илэрсэн Францын иргэн гуравдугаар сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн "Аэрофлот" компанийн нислэгээр Улаанбаатарт ирээд Баянгол зочид буудалд гурав хоножээ. Ингээд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очсон байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 5 хүртэлх насны гурваас олон хүүхэдтэй эмэгтэйд энэ сарын 30-ныг хүртэл цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулах шийдвэр гаргажээ.




Сэтгэгдэл (2)